Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн захирлаар Ж.Цолмонг томилжээ


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг халж хуулийн зөвлөх Ж.Цолмонгоо албанд нь томилох гэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард цацагдсан. Тухайн үед БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Тус сургуулийн захирал солигдоно. Би хуулийн дагуу, дүрмийн дагуу үүнийг хийнэ. Харин яг хэзээ солигдохыг бол би хэлж мэдэхгүй байна” хэмээж байсан.
Тэгвэл АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг халах тушаалыг долоодугаар сарын 10-нд гаргаж Ж.Цолмонг тус сургуулийн ерөнхий захирлаар томилжээ. Энэ талаар БСШУС-ын яамнаас тодруулах гэсэн боловч “Хэвлэл мэдээллийн ажилтан амарсан тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Харин АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар өөрийн цахим хуудсандаа “Ц.Цогзолмаа сайд хууль бус үндэслэлээр тушаал гаргасан ч төрт ёсоо хүндэтгэн ажлаа хүлээлгэн өглөө. Шүүх үнэн мөнийг тогтоох биз ээ. Дэмжин тусалж хамтдаа зүтгэсэн багийнхандаа, урам хайрлаж, хийж бүтээх хүчийг сэлбэж байсан хамт олондоо мөн гүтгэн гутааж хурцалж байсан зарим нэг хүмүүст ч баярлалаа. Бид хамтдаа үнэхээр ихийг бүтээж чадсан шүү. Даанч эхэлсэнээ дуусгах боломж өгсөнгүй дээ энэ хүн” хэмээн бичжээ.
Ц.Цогзолмаа сайдын эл тушаалыг эсэргүүцэх хүмүүс олон байна. Тухайлбал Ж.Отгонбаяр гэх иргэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад хаяглан захидал бичжээ.
Уг захидалд:
...Г.Батбаатар гэх анагаах ухааны доктор анагаах ухааны их сургуулийн захирал юм. Тэр бол Анагаах ухааны их сургуулийг чанар, мөн сургуулийн шинэ цогцолборыг удирдаж Улс төрөөс үл хамааралтай ажлаа хийж явсан шударга эрхэм санагддаг. Би Г.Батбаатарыг гэдэг хүнийг танихгүй, хөндлөнгөөс хүнлдэж явдаг хүн. Харин өнөөдөр Г.Батбаатарыг Ж.Цолмон нэртэй хүнээр сольж ажлаас нь шалтгаангүй халжээ. Ж.Цолмон гэж хэн вэ. Эрүүл мэндийн дэд сайд хийж байхдаа өөрийнх нь хувийн "Аллерги Мед" эмнэлэг яаж бий болсон. Бүх эмнэлэг эмч нарыг лицензээрээ хааж боодог ашиг сонирхлын зөрчилтэй гээд захын эмчээс асуугаарай. Ж.Цолмон бол, Ц.Цогзолмаагийн сайн найз юм. Миний уур хүрээд байгаа шалтгаан юу вэ. Халагдсан захирал Г.Батбаатар нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа, Анагаах Ухааны Их сургуулийн төслийг хэрэгжүүлж дуусах шатанд явж байв" хэмээн бичжээ.
Б.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ