Ц.Туваан: Намын шалгуурыг хангасан нэр дэвшигчийг тодруулна

АН-ын ҮБХ-ны хурал Төрийн ордонд болж байна. Тус намын гишүүд УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцохоо дэмжин, дүрмээ баталж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Манай намын ҮБХ-ны хуралдаанаар 12 асуудал хэлэлцэнэ. Хамгийн гол нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцох эсэхээ СЕХ-д илэрхийлнэ. Сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дүрмээ мөн хэлэлцэж байна хэмээлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-УИХ-ын нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолд маргаан үүсч, ҮХЦ-д хүргүүлсэн байна. Энэ нөхөн сонгууль явагдахад хэр нөлөөлөх бол?
-Манай нам өнөөдөр УИХ-ын хүчин төгөлдөр байгаа УИХ-ын шийдвэр, СЕХ-ны зөвлөмжийг мөрдөж цаг хугацаатай асуудлаа хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл наймдугаар сарын 08-наас өмнө намын эрх барих дээд байгууллагаараа хэлэлцэж, СЕХ-д хүргүүлсэн байх заалттай.
-Намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж байгаа гэсэн. Ямар өөрчлөлт оруулах вэ?
-Манай намд үндсэн дүрэм, журмууд байдаг. Үүнд өөрчлөлт оруулж байна.
-Нэр дэвшигчид ямар шалгуур тавьж байна вэ?
-Нөхөн сонгуульд нэр дэвшихэд намын дотоод журмын дагуу шалгуур байна. Мөн Сонгуулийн төв байгууллагын хуулийг бүрэн хангасан нэр дэвшигчийг тодруулах ёстой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ