Ж.Бат-Эрдэнэ: "Тавантолгойн төмөр зам" компани байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан ЗТХ-ын сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өнөөдриийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. 2015 онд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажил зогссон. Нийт 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Ингээд хөрөнгөгүйн улмаас 2015 оноос ажил нь зогссон. Засгийн газраас авсан бодлогын хүрээнд төмөр зам барих ажлыг эрчимжүүлэхээр орууллаа. Тавантолгойн төмөр зам барих хөрөнгө оруулалтыг, Монголын талын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын 51 хувийн хөрөнгө оруулалттай “Тавантолгойн төмөр зам” гэсэн төмөр замын компанийг байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас оруулахаар тогтоолуудад тусгасан. Нийтдээ 17-34 хувийн хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд шинэ компанид оруулна. Дараагаар нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь зайлшгүй. 49 хувьд гаднын хөрөнгө оруулалт оруулах бололцоогоор хангана. Үндсэндээ Монголын хувь нь 51 байхаар төмөр замын компанийг байгуула шийдвэр гаргалаа хэмээн мэдээлэв. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах бол?
-“Монголын төмөр зам”-ын оруулсан хөрөнгө оруулалт нийтдээ 279 сая ам.доллар байгаа. Бид нийтдээ 100-200 гаруй сая ам.долларыг эхний ээлжинд оруулна гэж урьдчилсан тооцож байна. Нүүрсээ урт хугацаанд худалдаалах гэрээ хийх хүрээнд хөрөнгө оруулалтыг оруулахаар төсөөлж байгаа.
-IPO гаргаж хөрөнгө оруулалт босгоно гэж байсан. Энэ талаар...?
-Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээлд IPO босгох үйл ажиллагаа явж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын компанид хувь нийлүүлж оруулснаар цааш цаашдынх нь IPO хийхэд хөрөнгө оруулалтынх нь үнэлгээ нэмэгдэх бололцоо хангагдана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ