Ц.Цогзолмаа: Нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн цогцолборыг худалдан авна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2018-2019 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн гуравдугаар хороололд баригдсан сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын сургууль болгон худалдан авах шийдвэр гаргажээ. Тус дүүргийн Нарны хороолол орчим амьдарч байгаа тухайн сургууль цэцэрлэгийн цогцолборыг улсын сургууль болгон худалдан авах саналыг тавсан байна. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Нарны хороолол орчимд амьдарч байгаа 5700 орчим иргэд Баянгол дүүргийн гуравдугаар хороололд 2017 онд баригдсан сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улс худалдах аваач гэдэг хүсэлтийг тавьсан. Тэд хүүхдүүдээ аюулгүй,тохитой орчинд сургаж хүмүүжүүлмээр байна гэсэн юм. Иргэдийн энэ хүсэлтийг Барилга хөгжлийн төв, БСШУС-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн удаа дараа судалж, Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцээд, худалдан авах дэмжлэг авлаа хэмээн мэдээлэв. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Хичнээн хүүхэд хүлээж авах бололцоотой вэ?
-Сургууль нь 960 хүүхдийг нэг ээлжиндээ хүлээж авах бололцоотой. Энэ нь өнөөдрийн улсын сургуулийн жишгээр 2000 орчим хүүхдийг хүлээн авах бололцоотой. Энэ сургууль иж бүрэн тоног төхөөрөмжөө суурилуулсан учир анги тохижуулах, ширээ сандал нэмэх шаардлагагүй. 280 хүүхдийн цэцэрлэг нь давхардсан тоогоор 400-480 хүүхэд хүлээн авах бүрэн бололцоотой. Энэ сургуулийн стандарт жишиг боловсролын салбарын түвшинд шат ахисан хэмжээний барилга, байгууламж гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа.
-Улс цэцэрлэг,сургуулийн цогцолборыг хичнээн төгрөгөөр худалдан авч байна вэ?
-Эхний ээлжинд худалдан авах шийдвэрээ гаргалаа. Харин тухайн компанийн барьсан өртөг бусад жишиг сургуулиудын өртгөөс харьцангуй өндөр байгаа. Тиймээс үнэ өртгийг эцэслэн шийдэх асуудал дээр Сангийн яам, Барилга хөгжлийн төвийн мэргэжлийн хүмүүс ажиллаж, худалдан авах үнийн асуудлыг дахин хэлэлцэхээр болсон. Харин цэцэрлэг, сургуулиа хүлээж аваад хүүхдүүдээ оруулах асуудал дээр БСШУСЯ хуулийн хүрээнд ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргаж өгсөн талархалтай байна. Миний бие өчигдөр тухайн сургууль, цэцэрлэгийн байдалтай танилцсан. Эцэг, эхчүүдийн зүгээс хоёр жил дээрх асуудлыг хөөцөлдөж, шийдвэрлэх гэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн. Тэд төрийн бус байгууллага байгуулсан байна. Хэрвээ Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэхгүй бол жагсаалт цуглаан хийнэ гэдгээ хэлж байсан.
-Тухайн компани ямар өртгөөр худалдах санал тавьсан бэ?
-Сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нийтдээ 17.8 тэрбум төгрөгөөр худалдах саналыг тавиад байгаа. Бид үүнийг дахин судалж, хэлэлцэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ