Ц.Ганхуяг: СЕХ дахин муйхарлалаа

УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 13 нам сонгуулийн төв байгууллагад бүртгэгдээд байна. Харин СЕХ Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзав. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй учраас татгалзсан гэдгээ СЕХ-ноос мэдээлэв.
Энэ асуудлаар Иргэний зориг Ногоон намын дарга Ц.Ганхуяг байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр
Иргэний Зориг Ногоон Намыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэж Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 онд хяссан шигээ дахин муйхарлав.
Монгол Улсын дээд хууль бол Үндсэн хууль бөлгөө.
Үндсэн хуулинд сонгох, сонгогдох эрхийг бүрнээ тодорхойлж, хэнбугай нь ч дур мэдэн халдаж болохгүйг тов тодорхой зааж өгсөн атал тэд 2016 онд ИЗНН-ыг сонгуульд оруулахгүй гэж муйхарласан алдаагаа дахин давтав. Улс төрийн нам сонгуульд оролцсон тайлангаа хоцроосон, өгөөгүй бол торгохоос бус өөрөөр эрхэнд нь халдах эрхгүйг Үндсэн хуулийн цэц их суудлаараа хуралдан баталгаажуулж, Дээд шүүх Үндсэн хуулийн заалтыг баримтлан Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны балмад шийдвэрийг цуцалсан билээ. Энэ бол Монгол Улсад хэн дуртай нь хууль зохиож зохиосон хуулийнхаа дагуу бусдын эрхэнд чөлөөтэй халддаг, МАНАН-д үйлчилдэг болсныг дахин батлан харуулав.
Тайлангийн тухайд намын уг ажлыг хариуцаж байсан этгээдэд зэмлэл хүлээлгэн сонгуульт албанаас нь огцруулсан ба холбогдох арга хэмжээг авсан юм. Сонгуулийн байгууллагыг намын томилгооны этгээдүүд удирдаж болохгүй, тэр дундаа "асуудал"-тай нөхдүүд бүр болохгүйг энэ үйл явдал харуулж байна. Сонгуулийн байгууллага нь сонгуульд оролцохыг бүртгэдэг этгээд болохоос бус яллах, шийтгэх, намын дотоод хэрэгт нь хутгалдах, гэм зэм үүрүүлэх ямар ч эрхгүй билээ.
Үндсэн хуулийн суурь зарчмыг тэд хөсөрдүүлж, хуулийг өөрсдийн дур зоргоор тайлбарлан хэрэглэж, яахаас ч буцахгүй гэдгээ харууллаа.
Бид зохих ёсоор эрхээ эдлэхийн тулд холбогдох байгууллагад хандах болно гэсэн мэдэгдлийг гаргажээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ