Хувийн таарамжгүй харилцаанаас болж, нэгнийгээ хөнөөжээ

Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын XIII байранд өчигдөр /2018.08.09/ хүн амины хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсны мэдээллийг өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр "Өчигдөр буюу энэ сарын 9-ны 21.45 цагт цагдаагийн 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн яамны байрны гадна хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүр бүрэлдэхүүн үзлэг, шалгалт хийж ажиллалаа. Урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ийн амь насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М халдсан болохыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.
Төрийн тусгай удирдлагын газрын дарга М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэгт бүртгэл явуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Талийгаач Г-ийн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр эцэслэн тогтоох юм байна.
Урьдчилсан байдлаар Г, М нар албан тушаалын маргаанаас болж, нэгнийхээ аминд хүрээгүй, хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, нэгнийгээ хөнөөсөн болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг шалгалтаар тогтоох ажээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ