17 настай хүү амь эрсэдсэнд “Хурд групп” БУРУУГҮЙ

ХУД-11 хороо, “Хурд групп”-ын “Хүннү хороолол”-ын барилгын хашаанд энэ сарын 8-нд осол гарч, барилгын туслах ажилтан СХД-11 хороонд оршин суух хаягтай, 17 настай хүү амь насаа алдсан. Амь насаа алдсан хүү чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Хүүгийн амь насаа алдсан хэрэгт “Хурд групп” ХХК болон тус компанийн захирал Б.Чойжилсүрэн буруутай мэтээр тайлбарлаж байгаад харамсч буйгаа илэрхийлж, тухайн группын захиалгаар ажил гүйцэтгэгч компаниудын төлөөлөл мэдээлэл хийж, Б.Чойжилсүрэн захирлаас уучлал гуйлаа.

“Хурд групп” ХХК-ийн аж ахуйн хашаанд бараа тээвэрлэх, зөөвөрлөх, агуулахад буулгах ажлыг гүйцэтгэдэг “Түмэндэлгэр далай” ХХК-ийн чингэлэг зөөж байсан кран унаж, 17 настай хүү амиа алдсан аж. Тус компанийн захирал талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, бөхийн, эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд талийгаачийн гэр бүл, төрөл саднаас уучлал гуйв. Тус компанийн захирал н.Батхишиг "Талийгаач хүү өөр хүний ажил хийж яваад амь насаа алдаагүй. Өөрийн хариуцсан ажил болох аж ахуйн хашааны бараа, материалыг эмхэлж, цэгцлэх ажлаа гүйцэтгэж яваад осолдсон. Хүү анх таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орсон учраас 17 настайг нь манай компанийн хүний нөөцийнхөн анзаараагүй юм билээ. Шүүх, цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас тодорхой зүйл ярих боломжгүй байна” гэлээ.
Барилгын салбарт зөвхөн 2017 онд л гэхэд 13 осол гарч, 10 хүний амь нас эндсэн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ