Б.Чойжилсүрэнгийн ФАНАТУУД


ХУД-11 хороо, “Хурд групп”-ын “Хүннү хороолол”-ын барилгын хашаанд энэ сарын 8-нд осол гарч, барилгын туслах ажилтан СХД-11 хороонд оршин суух хаягтай, 17 настай хүү амь насаа алдсан. Хүүгийн амь насаа алдсан хэрэгт “Хурд групп” ХХК болон тус компанийн захирал Б.Чойжилсүрэн буруутай мэтээр тайлбарлаж байгаад харамсч буйгаа илэрхийлж, тухайн группын захиалгаар ажил гүйцэтгэж байсан болон гүйцэтгэж байгаа “нөхдүүд” Б.Чойжилсүрэн захирлаас уучлал гуйн, бөхийв. Тэд өмнө нь гарч байсан, “Хурд”-тай холбоотой бүхий л осол эндэгдэлийг өөрсөддөө “наав”.
Тухайлбал "Хурд групп"-ын "Рапид харш" хотхоны барилгын талбайд 2012 онд аюулгүй байдал хангагдаагүйн улмаас ноцтой осол гарч кранчин залуу амиа алдаж байсан. Тухайн үед “Хурд групп” ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэж байсан “Эв тун” ХХК-ийн захирал н.Бат-Эрдэнэ “Хурд групп” ХХК бол манай томоохон захиалагч. Ажил гүйцэтгэх явцад бид хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагаагаа өөрсдөө хариуцаж ажилладаг. 2012 онд кранчин залуу амиа алдсан. Манай компани тухайн үед хариуцлагаа хүлээсэн. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хурд групп” болон Б.Чойжилсүрэн захиралтай холбон ярьж ирсэнд харамсдаг” гэв.

Мөн “Шинэ мөнхдөл” ХХК-ийн захирал н.Баттөр “2013 онд манай барилгын талбай дээр гэнэтийн осол болж, кранд цохиулж хүн гэмтэж байсан. Тухайн үед хэрэг үүсч, хэрэг шийдэгдэж, хуулийн хариуцлагаа манай байгууллага хүлээсэн. Энэ хэрэгт “Хурд” группыг өнөөг хүртэл буруутгаж байгаа нь ташаа мэдээлэл. Энэ осол нь зөвхөн манай компанид үүссэн хэрэг. Үүнийг хууль, хяналтын байгууллага ч тогтоож, манай компанид хариуцлага тооцсон. Ажил олгогч байгууллагынхаа нэр хүндийг сэвтээсэндээ харамсч, осолд өртсөн иргэний ар гэрээс албан ёсоор уучлал хүсч байна” гэлээ.

Түүнчлэн 2015 онд “Хурд групп”-ын “Нарны хоороолол”-д ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан тогонд цохиулж осолдсон, тухайн хороололд ажиллаж байсан кранист зөвшөөрөлгүй кран ажиллуулснаас дор ажиллаж байсан ажилтанг цохиж, гэмтээсэнд ч “Хурд групп” ХХК буруугүй. Энэ бүхэн гүйцэтгэгч компаниудын буруутай үйлдлээс болж учирсан хохирол тул бидний алдаа дутагдал бүрийг Б.Чойжилсүрэн захирал, “Хурд групп”-д үүрүүлж байгаа нь ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Б.Чойжилсүрэн таниас албан ёсоор уучлал гуйж байна” гэж байлаа.
Тэдний хувьд “Хурд групп”-ын нэр хүндийг унагасандаа Б.Чойжилсүрэн захирлаас уучлалт гуйх л ёс зүйн хариуцлага юм гэнэ. 2015 онд "Хурд групп" ХХК-ийн захилгаар ажил гүйцэтгэж байсан "Амаацай" ХХК-ийн барилгын ажлын явцад осол гарч, нэг хүн нас барж байсан. Тус компанийн захирал Т.Доржготов “Хурд” групп бол ажил олгогч компани. Гэтэл энэ групптэй хамтран ажилладаг компаниудын өмнөөс “Хурд” группын нэр хүнд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн нэр удаа дараа холбогддог учраас бид ёсзүйн хувьд албан ёсоор уучлалт гуйх ёстой гэж бодож байна. Үүнийг ёсзүйн хариуцлага гэнэ” хэмээн хэвлэлийн хурлын төгсгөлд хэлсэн.

Ерөөс энэ хэвлэлийн хурал 17 настай хүүгийн ар гэрийнхнээс уучлалт гуйхад бус, Б.Чойжилсүрэнгийн нэр хүндийг сэвтээхгүйг хичээгч, фанатуудын жүжигчилсэн тоглолт байлаа.
Краны цамхаг нурж, 26 настай залуу амиа алдахад, хамгаалалтын бэхэлгээ тасарч 25 настай залуу эхнэр, хүүхдээ үүрд орхиод хорвоогоос буцахад ч аль ч компанийн удирдлага ил гарч, ийн уучлал эрэн бөхөлзөөгүй атал, Б.Чойжилсүрэн захирлаас өршөөл эрэн телевизийн камерийн өмнө нуруу бөхийсөн нь үнэхээр “өчүүхэн” байлаа. Барилгын компаниудад хүний амь чухал биш ажил олгогч “эзэн” нь чухал бололтой.

Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ