"Цахим замын цагдаа" хуудсанд тавигдсан зөрчил бүрт хүрч ажиллана


Замын цагдаагийн албанаас “Цахим замын цагдаа”, “Paparazzi traffic Mongolia” гэсэн хоёр цахим хуудсаар дамжуулан иргэдээс зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авч, торгууль ногдуулдаг. Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал "Цахим замын цагдаа" хуудсанд тавигдсан зөрчил бүрт хүрч ажиллах болно" гэжээ.
Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо нэгдүгээр эгнээгээр зорчиж, автобусны хөдөлгөөнд саад учруулсан, урсгал сөрсөн, хоёр зураас давж эргэсэн зэрэг зөрчлийг тухайн орчинд хөдөлгөөнд оролцож явсан өөр нэгэн жолооч зураг, бичлэг болгон гар утсандаа хадгалж авна. Түүнийгээ дээр дурдсан хоёр цахим хуудсанд нийтэлснээр Замын цагдаагийн албанаас зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудас хүргүүлдэг.
Зөрчил илрүүлэгч иргэн нь:
Зөрчлийн зураг, бичлэг оруулахдаа хаана, хэзээ, ямар зөрчил гаргасныг заавал бичиж оруулах
Тухайн тээврийн хэрэгслийн урдаас нь зургийг авсан байх /автомашины улсын дугаар, марк, өнгө/
Орчны байдлыг харуулсан байх
Хэн нэгний нэр хүндэд халдсан доромжилсон зүй бус үг хэллэг хэрэглэхгүй байх зэрэг үүрэг хүлээнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ