Д.Жигжиднямаа: Үерийн улмаас осол гарсан тул хариуцлага ярих болоогүй

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Осол болон сэргээн босголтын ажиллагааны талаар УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа мэдээлэл хийлээ. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Галт тэрэгний осол, мянган вагоны асуудал зэрэг нь таныг ажлаа өгөх шалтгаан мөн гэж олон нийт үзээд байна. Та ямар нэгэн хариуцлага хүлээх үү?
-Өнгөрсөн долоо хоногт хүнд өдрүүд өнгөрлөө. Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км дээр гарсан ослыг би өөрийн биеэр толгойлж, бусад албануудын хоорондын уялдаа холбоо, хэрэгцээт бараа материалыг хангах тал дээр ажилласан. Тийм учраас би тухайн үед өөрийн ажлаас чөлөөлөгдөх, ажлаа хаяад явах сэтгэл байгаагүй. Уг нь Жигжиднямаа гэдэг хүний хувийн асуудлыг өнөөдөр ярихыг хүсээгүй. Мянган вагоны асуудал энэ болсон осолд ямар ч хамаагүй. Ослын гол шалтгаан нь үер уснаас болсон гэдэг дүгнэлт гарсан. Хүний хүчин зүйлээс болоогүй учраас би хэн нэгэн болон өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж бодож байгаа.
-Таныг халагдах өргөдлөө өгсөн эсэхийг олон нийт сонирхож байна.
-Би халагдах өргөдлөө өгөөгүй. Миний хувийн асуудлыг яримааргүй байна. ЗТХЯ-тай холбоотой шийдвэрүүд тухайн яаманд гарсан золгүй явдалтай холбоотой гэж бодож байгаа. Тиймээс би үүнд хариулт өгмөөргүй байна.
-Тэгэхээр та хариуцлага хүлээхгүй гэж ойлгож болох уу?
-Надад ямар үндэслээр хариуцлага тулгаж байгааг би ойлгохгүй байна. Хэрвээ эрх бүхий субьектээс миний хувийн үйлдэл, эс үйлдэлд хариуцлага хүлээх ёстой гэсэн нь тогтоогдвол би бүрэн хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ