С.Чинзориг: Хэн дуртай нь ажил хаяна гэж айлгахаа болих хэрэгтэй

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оноос 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх эсэх талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын С.Чинзориг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдэхтэй холбогдуулан төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх эсэх нь тусдаа асуудал. Төрийн албан хаагчдын хамгийн доод хэмжээ 380 мянган төгрөг байгаа. ОУВС-тай хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан багш нар цалин нэмэх шаардлага тавьж байгааг Засгийн газар анхаарч байгаа” гэв.
2018 оны хоёрдугаар сард ОУВС-ийн төлөөлөл Монгол Улсад ажилласан. Энэ үеэр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг тавьсан. Улмаар энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх ойлголтод хүрч чадсан аж.
Багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа төдийгүй гурван талт хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдэж /2018.08.16/ хэвлэлийн хурал хийсэн.
Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг “Багш нарын түр хорооноос цалин нэмэхгүй бол ажил хаяна гэсэн асуудал ярьж байгаа юм билээ. Одоогоор манай яаманд, надад энэ талаар мэдэгдсэн байр суурь алга. Монгол Улс хууль тогтоомжтой улс орон. Хэн дуртай нэг нь ажил хаяна гэж нийгмийг донсолгож, айлгаж байгаа мэт дарамт үзүүлэхгүй байхыг хүсч байна. Цалин нэмэгдүүлэх түр хороо гэж байгууллага гэнэт гарч ирээд улсын хэмжээнд ажил хаялтыг зохион байгуулчихдаг хууль эрх зүйн үндэс байхгүй. Цаашдаа ажил хаяна гэдэг асуудлыг хэн дуртай нь зоргоороор ярьдаг нь буруу. Цалин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг ойлгож байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас ажил хаях асуудал байхгүй болов уу гэж бодож байгаа” гэлээ.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр өчигдөр /2018.08.20/ үргэлжилсэн. Энэхүү хэлэлцээрээр шийдэлд хүрч чадвал лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд санал оруулна гэдгийг сайд хэлж байлаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ