Азтай аавын хүү М.Билэгтийн данхтай харина

Намайг багад хөдөөгийн хөгшчүүд сонгуульд нэр дэвшигчийн хамгийн гоёороо хичээн байж авхуулсан зурагтай сонин, сэтгүүлчийг үргэлж дээш нь залж, бурхан тахилынхаа ойр хавьд эсвэл авдартаа баадагнадаг байлаа. Тухайн үед “УИХ-ын гишүүн болоод сонгуульд нэр дэвшигчид гэдэг үргэлж хүндэлж явах учиртай хүмүүс юм байна шүү” гэж бяцхан ухаандаа сэтгэж байв. Оюутан болсон, их сургуулиа төгссөн, ажилд орсон...Одоо харин УИХ-ын гишүүд гэдэг тийм ч хүндэтгээд байхаар улс биш болохыг увайгүй үйлдэл, утгагүй ярианаас нь хангалттай мэдэрдэг.
Нэлээд хэдэн жилийн өмнө сонгуульд нэр дэвшигчид болоод тойргоос сонгогдсон нөхдүүд бас ч жудагтай байж. Цаг тооны бичиг, шаазан аяга, саравчтай малгайн дээр сайн сайхныг хүссэн үг бичээд, дор нь гарын үсгээ чамбай гэгч зураад сонгогдсон тойргынхоо иргэдэд бэлэглэдэг байв. Арай ч одоогийнх шиг бидон, данхан дээр малийтал зургаа наагаад өгчихдөггүй байлаа.
Одоогоос гурван жилийн өмнө 2015 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн асан Д.Ганбат Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажиллах үедээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж нэгдүгээр одонтой ээжид 40-ын бидон, хоёрдугаар зэргийн одонтой ээжид 25-ын бидон гардуулан өгч байсан удаатай. Тус суманд нийт 209 алдарт ээж байдаг бөгөөд энэ тооны бидоныг бэлэглэж, түүний эл үйлдэл тухайн үед “трэнд тэнэглэл” болж байв.
Араас нь Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүн Г.Тэмүүлэн чуулганы завсарлагаар нутаг орныхондоо хөнгөн цагаан шанага тарааж байсан.
Тэгвэл тэдний залгамж халааг энэ цаг үед УИХ-ын гишүүн М.Билэгт авч, хөнгөн цагаан данхар дээр өөрийн зургаа сийлж, сонгогдсон тойргынхоо иргэдэд тараасан байх юм. Тэрбээр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийжээ. Ингэхдээ хуралд ирсэн иргэдээс азтан шалгаруулж, хивс, гутал, орос бакаль, хувин, өөрийн зурагтай данх гэх мэт бэлэг гардуулсан байна.
Цаашид хэн гэгч эрхэм гишүүний тархинаас “мэргэн” ухаан төрж, түмпэн, сав суулга, тогоо шанаганы алин дээр хөрөг зургаа “мөнхрүүлэхийг” таашгүй юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ