Ц.Даваасүрэн: Миний төрлөөс ажил авсан бол би шууд ажлаа өгнө

АТГ-аас өчигдөр хийсэн хэвлэлийн бага хуралд “ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна. Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017 оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна” хэмээн мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн тайлбар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Эрчим хүчний салбараас цалин авчихаад бизнес хийж болохгүй. Эрчим хүчний салбарт ажилладаг мөртлөө эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад ажил авсан тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. ЭХЯ-нд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нэг хүн байгаа. Би тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх тухай бичиг хүргүүлсэн.
Миний төрөл, ах дүү нараас ийм ажил авсан байдаг юм бол би маргааш нь шууд ажлаа өгнө. Хүмүүс зориудаар гуйвуулаад байна. АТГ-ын хэвлэлийн мэдээлэлд эрчим хүчний салбарт гэснээс нэр дурдагдаагүй юм билээ. Би холбогдох хуулийн байгууллагад өгсөн байгаа хэмээлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Тендэрт эрх ашгийн зөрчил гарсан эсэхийг шалгаж болохгүй юу?
- Өөрийнхөө ажлаас ашиг сонирхлын зөрчил үүсгээд ажил авсан байх магадлалтай нэг хүн байгаа. Би түүнийг шалгуулахаар ТӨХ-д өгсөн. ТӨХ-нд дарагдаад байж байгаа. Би ТӨХ-нд санал хүргүүлэх эрхтэй. Эрчим хүчний салбарт ажилладаг нэгэн өөр газраас эхнэрийнхээ нэр дээр ажил авсан байж болно. Өөрийнхөө ажилладаг газраас эхнэрийнхээ компани дээр ажил авч болохгүй.
-Тэгвэл ашиг сонирхлын зөрчил хаана үүссэн бэ?
-Эрчим хүчний салбарын 130 гаруй компани байгаа. Асуудал энэ хүрээнд яригдсан байх.
-Хоёр захирлыг ажлаас чөлөөлөх санал тавьсан гэлээ. Ямар үндэслэлээр?
-Өөрийн байгууллагын зарсан бараа, ажил үйлчилгээнээс авсан байж болзошгүй учир ажлаас чөлөөлөх саналыг АТГ-т хүргүүлсэн. Нэг захирлын хувьд 50 гаруй тендэр хууль зөрчиж хийсэн учраас ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлсэн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ