З.Нарантуяа: Хүүхэд хамгааллын төсвийг судалгаа, семинарт зарцуулж байна

img

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээллээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-УИХ Засгийн газрын үйл ажиллагаанд хоёр шугамаар хяналт тавьдаг.  Хуваарилж өгсөн төсвийг хэрхэн зарцуулж байна гэдгээр нь төсвийн хяналтаар дамжуулж хяналт тавьдаг.  Төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулсан талаар дүгнэлт хийснийгээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

 

УИХ 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй уялдуулж Эрүүгийн болон Зөрчлийн шинэ хуулиудыг 2017 оны долдугаар сарын нэгнээс эхлэн баталж байгаа. Энэ хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төсвийг нь баталж өгсөн. ХЗДХ-ийн сайдын багцад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхэд 1.8 тэрбум төгрөг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бодлого хэрэгжүүлэхэд 130 сая төгрөг, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд 240 сая төгрөг зэргээр тус тус тусган баталсан.

 

Хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгоё гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс 15350 хүүхдэд хувийн цэцэрлэгт, 11329 хүүхдийг улсын цэцэрлэгт шинээр суудал нэмэгдүүлэхээр тусгасан. Ингэснээр цэцэрлэгт хамрагдалт 84.6 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьж 311,289 тэрбум төгрөгийг төсөвт баталсан. Энэ мөнгөнүүд үнэхээр үр ашигтай зарцуулагдсан уу, хүүхдүүд цэцэрлэгтээ бүрэн хамрагдсан уу гэдэг дээр бид бодит гүйцэтгэлийг хянах шаардлагатай. Боловсролын салбарт гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилгоор 209 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан. Энэ мөнгөөр 59 сургуулийг шинээр барьж эхлүүлнэ. Энэ жил  61.2 тэрбум төгрөг тусгаж, шинэ сургууль барихаар байгаа. ХНХ-ын сайдын багцад нэлээдгүй мөнгө тусгасан  байгаа. 

 

Хүүхэд хамгааллын чиглэлээр өмнө нь байгаагүй мөнгийг төсөвт тусгасан. Дээрх хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд хүүхэд хамгааллын чиглэлээр дорвитой үр дүнд хүрээгүй байна гэж Ерөнхий сайдаас тавьсан асуулгын хариунаас харагдаж байна. Хүүхдэд холбогдох гэмт хэрэг өнгөрсөн хугацаанд 160 орчмоор буурсан хэдий ч Гэр бүлийн эсрэг хүүхдийн эсрэг зөрчил 1.3 дахин өссөн байна. 90 хүүхэд гэмт хэргийн золиос болж, 120 хүүхэд захиргааны зөрчлийн золиос болжээ. Хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа.

 

УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд хүүхэд хамгааллын чиглэлээрх үйл ажиллагаанд зориулж 5 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн. Гэсэн хэдий ч энэ нь үр дүнгүй байна гэж үзэж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд зориулсан зарцуулалтыг бодлого,төлөвлөлт салбар дундын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 9 хувь, ихэнх хувиа төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичиг хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Төсвийн дийлэнх хэсэг нь судалгаа, аян, зөвлөгөө семинар зохион байгуулах, ажлын дэд зөвлөлийг үйл ажиллагаанд оруулахад зарцуулжээ. Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдахгүй байна. Эцэг эх, асран хамгаалагчийнх нь архидан согтуурахтай тэмцэхэд энэ мөнгө зарцуулагдахгүй байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад энэ мөнгө зарцуулагдахгүй байна хэмээлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өөрийн сонгогдсон төрсөн нутаг Алдархаанаа хар тэгээд том ярь за
2018-09-04
zuv ingejil ajillah yostoimundag bn amjilt husiebas bid bugdin huuhded sanaa tavij bgad bayarlalaa
2018-09-04
hahah:
gaj hooloitoi
2018-09-03