Г.Занданшатар: Шийдвэр гаргадаг иргэдийн оролцоо хязгаарлагдмал болж байна

“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” олон улсын чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн юм. Түүнээс чуулганаас гарах үр дүнгийн талаар тодруулахад:
-Азид сайн засаглал хөгжүүлэх олон улсын энэ байгууллага эгнээндээ 22 улсыг нэгтгэсэн. 127 байгууллага гишүүнчлэлтэй. Хамгийн гол нь сайн засаглалыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог хангах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхийг дэмждэг байгууллага. Өнөөдрийн байгаль орчин, иргэдийн амжиргаа, хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулахад иргэдийн өөрсдийнх нь оролцоо чухал. Үүнийг аймаг, сум, багийн түвшинд иргэдийнхээ санал бодол дээр тулгуурлаж, шийдвэр гаргадаг байх туршлагыг хуваалцаж байна.
Бид энэ туршлагыг хуваалцсанаар нутгийн удирдлагын түвшинд санал бодлоо хуваалцах биш шийдэл гаргадаг чиглэл рүү явах нь ирээдүйд нийцнэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсийг хориглох шийдвэр гаргасан. Энэ бол нийтийн сайн сайхны төлөө гаргаж байгаа шийдвэр. Үүнд иргэдийн оролцоо чухал. Сумын түвшинд бэлчээрийн доройтлоос үүдэлтэй ган зудын гамшиг, мал аж ахуйд бэлчээрийн өөрчлөлттэй холбоотой шийдвэр гаргах үйл ажиллагааг иргэдийн оролцоотой бүрдүүлээд ажиллаж байна. Энэ чиглэлээр Монголын туршлага бусад улсад жишээ татахуйц болж байгаа. Орон нутгийн Хөгжлийн сангаа хэрхэн зарцуулах талаар иргэдээсээ асууж шийдвэрлэдэг болсон нь ахиц юм.
Ухамсартай оролцоо хамгийн чухал ч өнөөдрийн нийгмийн орчин, нийгмийн сүлжээ, мэдээллийн харилцан тэнцвэргүй байдал сөргөөр нөлөөлж байгааг дэлхий даяар хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, ардчилал маань цөөн үгэнд багтсан популист чиг хандлагатай нийгмийг хөөрөгдсөн мэдээлэлд хэт автаад ухамсартай, бодлоготой шийдвэр гаргадаг иргэдийн оролцоо хязгаарлагдмал болж байгаа нь өнөөгийн ардчиллын тулгамдсан асуудал болж байгааг олон улсын судлаачид хэлэлцэж байна хэмээлээ.
Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ