Түгээлтийн автомашины жолоочид түгжрэл үүсгэдэг үү


Монгол Улс 901,015 тээврийн хэрэгсэлтэй. Үүний 559,000 гаруй нь замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байна. Харин нийслэл хотод өдөрт 200 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог тухай мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаа байдаг. Энэ олон автомашиныг түгжрүүлэхгүй, хөдөлгөөнийг удаашруулахгүй хэрхэн зохицуулах талаар албаныхан ухаанаа “барж” сууна.
Худалдаа үйлчилгээний газруудад ачаа бараа хүргэдэг түгээлтийн автомашинууд ихээхэн түгжрэл үүсгэдэг гэдэг.
Нийслэлийн хэмжээнд өдөрт 20 мянган түгээлтийн автомашин замын хөдөлгөөнд оролцдог байна. Өдрийн цагаар Улаанбаатар хотод зорчиж буй автомашинуудын таван хувь нь худалдаа үйлчилгээний газруудад ачаа, бараа хүргэх, буулгах үйлчилгээ явуулдаг аж. Өдрийн 11.00, 15.00 цагийн орчимд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн долоон хувь нь түгээлтийн автомашин болж хувь хэмжээ нь өсдөг байна.
Түгээлтийн автомашинууд зам, гарц хаан зогсож ачаа, бараагаа буулган түгжрэл үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг болохыг албаныхан хэлсэн. Түгээлтийн үйлчилгээг шөнийн цагаар буюу 23.00-06.00 цагийн хооронзд явуулбал зохимжтой бөгөөд замын ачаалал 12 хувиар буурна гэж үзжээ. Улмаар замын түгжрэлийг бууруулахаар ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ