Хүүхдийн хамгааллын асуудлаар нийтийн сонсгол хийхийг уриаллаа

УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүүхдийн хамгаалал, хөгжлийн асуудлаар нийтийн сонсгол хийхийг эмэгтэй гишүүдэд уриаллаа. Уриалгын албан бичигт "УИХ-ын эмэгтэй гишүүд бид 2018 оны улсын төсөвт Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлуудыг өмнөх жилийн төсвөөс таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж батлуулсан.
Дээрх хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Хэрэгжилтийг хангуулах тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч бодит үр дүн хангалттай бус, ялангуяа хүүхэд хамгааллын нөхцөл сайжраагүй байгаа нь асуулгын хариултаас тодорхой харагдаж байна.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулалт, төсөв, санхүүгийн оновчтой хуваарилалтыг сайжруулах үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу хүсэлт гаргаж, Нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж та бүхнийг хамтран саналыг гаргахыг уриалж байна." гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ