"ДЦС -IV"-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байна

"ДЦС-IV" ТӨХК-д өчигдөр осол гарснаас Улаанбаатар хотын хэмжээнд 10.00 цагаас эхлэн цахилгаан тасарсан. Нийслэлийн төвийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг бүхэлдээ цахилгаангүй болсон. Албаныхны мэдээлж байгаагаар гэмтэл гарсан даруйд Дулааны IV цахилгаан станцаас эрчим хүч авдаг хэсгийг Дулааны III цахилгаан станцад шилжүүлжээ. Харин III цахилгаан станц нь ачааллыг даалгүй хот бүхэлдээ цахилгаан тасарчээ. Улаанбаатар хот нэлдээ цахилгаангүй цаг орчим үргэлжилсний дараа хотын төв хэсэг болох Төрийн ордныг тойрсон албан газар, аж ахуйн нэгжүүдэд, эмнэлэг, цагдаа, онцгой зэрэг газрууд цахилгаанаар хангагдаад эхэлсэн.
Энэ өдөр цахилгаан тасарсны улмаас нийслэлийн худалдаа үйлчилгээний байгууллагуудаас эхлээд "хаалгаа барихад" хүрсэн. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, гэрлэн дохио ажиллаагүйн улмаас түгжрэл үүссэн байлаа.
"ДЦС-IV" ТӨХК-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн ачаалал авч эхлээгүй байна. Тиймээс УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд сэргээгээд байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ