Гэрээт хугацаандаа ажлаа хийж чадахгүй байгаа газруудтай хот хамтрахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 онд эхлүүлж, Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, 2017 онд ГССҮТ, СХД-ийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд нийслэлийн Өргөө амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар, ХУД-ийн 1-р амбулаторийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “ХӨСҮТ бол Монгол Улсын томоохон эмнэлгийн нэг. Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар. Хэдийгээр Эрүүл мэндийн яам хотод хандаагүй ч том хэмжээний 3-р шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийнх нь хувьд гадна зам, талбайг тохижуулж байгаа. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар маш муу ажиллсан байна. Энд бол газар чөлөөөлөлт хийх юмгүй. Ямар нэгэн суваг, шуудуу зайлуулах ажил байхгүй байхад ажил урагшлаагүй бүтэн дөрвөн сар орчим хугацаа өнгөрсөн байна. Хэрвээ энэ ажлыг гүйцэтгэж чадахгүй байгаа бол буцаагаад өгөх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл 14 эмнэлгийн гадна талбайг тохижуулахад ингэж удсан газар байхгүй. Хэрвээ энэ маягаараа ажиллавал УБЗЗАГ-тай хот дахин гэрээ хийж, ажлаа хийлгэхгүй. Энэ тохижилтын ажлыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгасан байх шаардлагатай. 15-нд нь улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлдэх хэрэгтэй” хэмээн үүрэг болгов.
Үүний дараа ажлын хэсэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт хийгдэж, нисдэг тэрэгний буух талбайтай, 200 авто машины зогсоолтой, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий тохижилтын ажил хийгдэхээр зураг төсөл нь гарсан байна. Тохижилтын ажлыг Энигма констракшн компани гүйцэтгэхээр болж өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд ажлаа эхлүүлсэн ч өнөөдөр бүрэн дуусгаагүй, ажлын явц удаашралтай байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ жил ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбар, БЗД-ийн эрүүл мэндийн төв, Амгалан амаржих газруудын тохижилтын ажил бүрэн дуусч, хүлээн авсан. ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн тохижилтын ажил удаашралтай байгаа. Энэ эмнэлгүүд өөрсдөө том хэмжээний талбайтай. Компаниуд удирдлага зохион байгуулалт муутай, техник тоног төхөөрөмжөө зөв хуваарилаагүйгээс болж ажил удаашрах, доголдох нөхцөл үүсч байгаа. Тиймээс өөрийн биеэр газар дээр нь ажиллаж хугацаатай үүрэг даалгавар өгч байна.
Энэ хоёр эмнэлэг нь хоёулаа үндэний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Хоёуланд нь нисдэг тэрэг буух, хөөрөх талбай хийж байгаа. Ингэснээр Монгол Улсын аль ч өнцөг булан бүрээс өвчтөн ирээд үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн Улаанбаатар хотоос 2, 3-р шатлалын эмнэлгүүдээ олон улсын стандартад хүрсэн гадна тохижилт, зам талбайтай болгох зорилт тавин ажиллаж байгаа” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ