Х.Баттулга: Хүчирхэг Монголыг бий болгохын төлөө тогтолцооны реформ хийхийг уриалж байна

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Дараагаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр:

-Монгол Улс маань системийн хямралд нэрвэгдэж байна. Хүмүүстээ биш, намдаа биш, тогтолцоонд бүх асуудал байна. Асуудлууд хуримтлагдсаар нийгэм бухимдсаар байна. Бид шинээр бат бэх тулгуур хийхийн оронд будаг түрхэх төдий байдлаар аргалж ирлээ. Өрх гэр маань аль хэдийнэ хазайж эхэлсэн байна.
Нийгэмд хөтлөгдсөн асуудлыг шийдвэрлэх чадвартай байх хэрэгтэй. Ард түмэн ажилтай, жаргалтай байх төрийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ард түмэн төрдөө итгэх итгэлгүй болж, төр, засаг нь дампуурчээ.
Хөгжлийн шаардлагыг нийгмийн хэрэгцээнд зохицуулан өөрчлөх хэрэгтэй байна. Одоогийн мөрдөж байгаа Үндсэн хуульдаа баярлалаа гэж хэлээд дараагийн Үндсэн хуулиа хэлэлцэх цаг болжээ. Монголын төр нэн яаралтай реформ хийхгүй бол байгалийн баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүй гадагшаа урссаар байх болно. Тийм учраас хүчирхэг Монгол орныг бий болгохын төлөө тогтолцооны реформыг хийхийг уриалж байна. Та бидний шийдвэрлэх ёстой чухал асуудал энэ болоод байна.
Шинэ Үндсэн хууль үндэсний эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж, үндэсний эрх ашигт давсан гэрээ хэлэлцээр хийхийг хориглосон, хариуцлага нь тодорхой шүүх эрх мэдлийг бий болгох хэрэгтэй.
Улстөржилт, улс төрийн намын бодлогоос төрийг ангид байлгах Улс төрийн намын хуулийг батлах хэрэгтэй.
Аливаа шинэчлэл реформ нь төр, иргэдийн оролцоотой явагддаг. Төрийн шинэчлэл иргэдэд юуны түрүүн иргэдэд өгөөжөө өгдөг. Бизнес эрхлэлт бол иргэдийн тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Гүржийн реформын хамгийн чухал нь хуулийн байгууллагад итгэх итгэлийг иргэдэд бий болгосон. Улс төрийн тогтолцоогоо өөрчлөхийн төлөө бүгд эвлэлдэн нэгдэхийг та бүхнээс хүсье.
Реформоос хожих нь ард түмэн, хохирох нь олгархиуд байх ёстой. Нийгмийн сорилт шаардлагыг даван туулсан улс орнуудаас бид суралцах ёстой.
Үндэсний эв нэгдлээ хангахын тулд Ерөнхийлөгч миний бие шударга, цэгц төр байгуулахын төлөө бүхий л талаас дэмжинэ.
Эрхэм гишүүд ээ, эрс шинэчлэлд бэлтгэгтүн. Асуудалд намын явцуу эрх ашгийн төлөө хандаж болохгүй. Цаг үе биднээс эрс шинэчлэлийг шаардаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа хэмээлээ.
Ингээд УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт өндөрлөлөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ