Д.Эрдэнэбат:Засгийн газар өөрсдийгөө өмөөрөх биш дүгнэлт хийх хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдын үүрэг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд саналаа танилцууллаа. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Ажлын байранд аллага хийнэ гэдэг төрийн албаны нэр хүндийг шууд доош нь гутаасан үйлдэл. Үүнтэй холбоотой сайд өөрийнхөө хариуцлагыг хүлээж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Чөлөөлөгдөх процесс нь өөрөө хууль зөрчиж явагдлаа. Энэ асуудлаар есдүгээр сарын гуравны өдөр ЗГХЭГ-аас мэдээлэл авсан. Сайдын өргөдлийг надад өгсөн. Гэтэл одоо оруулж ирсэн өргөдөл нь бас нэг өөр байна. Засгийн газар яагаад хариуцлагагүй зүйл хийж байна вэ. Засгийн газрын хуулиар сайдын орон гарсан бол УИХ 30 хоногийн дотор томилох ёстой. Гэтэл хугацаа сунжирсан. Орон гарсан тохиолдолд түр орон гүйцэтгэгч томилдог. Ө.Энхтүвшин сайдыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Таны яриад байгаа агуулгаар ҮХЦ-д гомдол гаргасан байсан. ҮХЦ үүнд хууль зөрчөөгүй байна гээд маргаан үүсгэхээс татгалзсан байна лээ. Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлнэ гэдэг. ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах биш. Түр орлон гүйцэтгэгчийг томилсон гэж ташаа ойлголт өгч байна. Түр орлон гүйцэтгэгч томилоогүй, Шадар сайдад үүрэгт ажлыг хариуцуулсан.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Би улстөржөөгүй. Хуулийн дагуу асуудал тавьж байна. Засгийн газрын хариуцлагагүй асуудал Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлснөөр дуусахгүй. Төрийн бүх шатанд мерит зарчим алдагдсаны хамгийн том жишээ ЗТХЯ-д гарлаа. Төрийн алба үнэ,хүндээ алдаж дууслаа. Ажлын байранд гарсан хүн амины аллага улстөржилтөөс үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд дүгнэлт хийх хэрэгтэй. Битгий өөрсдийгөө өмөөрөөд бай. Төрийн алба тэр чигээрээ улстөржсөн хүмүүс болж дууслаа. Засгийн газар хариуцлагагүй байна. Энэ бол олон салбарт гарч болзошгүй эрсдэл. Тиймээс Засгийн газар өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Ноцтой үйлдэл гарчихаад байхад өөрсдийгөө өмөөрөөд байгаа нь хариуцлагагүй байгаагийн тод жишээ гэдгийг албан ёсоор хэлнэ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Ажил хариуцсан хүн болгон юуг яаж хийх ёстойгоо мэддэг байх хэрэгтэй. Энэ бүхэн орхигдоод байна. Ажлаа хийж чадаж байгаа хүн байна уу. Гал тогооныхоо зохион байгуулалтыг хяна. Дараагийн сайдаа даруйхан оруулж ирэх хэрэгтэй.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөхийг 100 хувь дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ