Н.Лүндэндорж: Хууль хэрэгжихгүй байгаад ард түмэн буруугүй


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт 2018 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд болсон. Тав дахь удаагийн сургалтад хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан уран бүтээл туурвидаг, нийслэлийн 41, орон нутгийн 10 сэтгүүлч оролцсон юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Сэтгүүлчийн бичсэн сурвалжлага, нийтлэлийн дэвшүүлсэн гэрэл, гэгээтэй асуудлыг олж харахаасаа өмнө ямар алдаа гаргаж вэ гэдгийн хүмүүс шүүмжилдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг зохион байгуулж хууль, эрх зүйн суурь мэдлэг олгох болсноор сэтгүүлчдийн мэргэшил, мэдлэг дутах явдал багасаж байгаа. Үр дүнгээ өгч байгаа учраас сургалтаа таслалгүй жил бүр явуулж байна. Энэхүү сургалтаар Монголын хууль, эрх зүйн салбарт тэргүүлэгч, эрдэмтдийг сэтгүүлч та бүхэнтэй уулзуулах бодлогыг бид барьдаг” гэдгийг онцолсон.
Мөн тэрбээр сургалтын үеэр Монгол Улсад хууль хэрэгжихгүй байгаа шалтгааныг “Хуулийг хэрэгжүүлэх процессыг хуулинд нь тодорхой, нарийвчлан заасан байх ёстой. Гэтэл хуулийг хэн, хэзээ хэрхэн хэрэгжүүлэх тухай механизм байхгүй. Тухайлбал их сургуулийн захирлын бүрэн эрхийн хугацаа гурван жил болоод дууслаа гэж бодоход гурван жилийн дараа яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэн ч халагдахгүйн тулд миний бүрэн эрхийн хугацаа дуусчихсан гэж өөрөө хэлэхгүй, чимээгүй л сууна. Гэтэл гурван жилийн дараа ажлын тайланг нь тавиулж хэлэлцээд захирлыг сонгох тухай хуулийн заалт байх хэрэгтэй. Манайд ийм зүйл байдаггүй. Хуулийг хэрэгжүүлэх хүний эрх ашигт хууль нийцсэн байх ёстой. Өөрийгөө эрсдэлд оруулахгүйн тулд хуулийг хэрэгжүүлэхгүйг л бодно шүү дээ. Хууль хэрэгжихгүй байгаа нь ард түмэнд биш хуулинд өөрт нь бий” хэмээсэн юм.
Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу гэхэд “Засгийн эрх ард түмний мэдэлд байх ёстой гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл бодит байдал дээрээ тийм байгаа бил үү. Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Засах юм зөндөө бий. ҮХЦ юм мэдэхгүй хүмүүсийн цуглуулга болсон. Мөн хууль уншиж ч үзээгүй нөхдүүд зоригтойгоор парламентад сууж байна. Үүнийг болиулах хэрэгтэй” гэсэн юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ