“Хүүхдийн хувь”-ийг салхинд хийсгэмээргүй байна

Хүүхдүүдээс өөрсдийнх нь төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг нэрлэ гэвэл Хүүхдийн ордон, Найрамдал зуслан гээд нэрлэвэл их юм. Хүүхдийн байгууллагыг хүүхдүүд байтугай, томчууд ч хаана байдгийг мэдэхгүй. Энэ нь хүүхэд хамгааллын яам, агентлаг, газрууд байгаа ч үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод тайлагнадаггүйтэй холбоотой. Тэд баяр ёслолын үеэр, төрийн том дарга нар хаа нэг хүүхдийн байгууллагаар явахад дагалдсан харагддаг. Тиймээс олон нийт хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсаар ирсэн.
Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд байх сурч, боловсрох эрх зөрчигдөж, элдэв гэмт хэрэгт холбогдож, хүчирхийлэлд өртөж байгаад хүүхдийн байгууллага ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байдаг. Гэтэл хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлэх арга хэмжээнд зориулагдсан төсвийн зарцуулалт олны дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргээд байгаа. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачлагаар энэ оны төсөвт хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөрт төсвийг нь нэмж тусгасан байдаг. Эхний хагас жилд дээрх төсвийн 2.2 тэрбумыг зарцуулагджээ. Ингэхдээ бодлого, төлөвлөлт, зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад 217.8 сая, хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад 277.2 сая, хүүхэд хамгааллын үйлчилгээний төвүүдийг бэхжүүлэхэд 301.4 сая. олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сурталчилгаанд 66 сая, төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд 525.8 сая, орон нутаг, нийслэл, дүүргийн хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд 803 сая төгрөг зарцуулсан тайланг гарсан байна. Эндээс хүүхдийн байгууллагын удирдлагууд хүүхдийг хөгжүүлэх, аюулгүй орчныг бүрдүүлэх урьдчилан сэргийлэхэд бус өөрсдийн зохион байгуулж байгаа ажлаа өндөр үнэлж, хүүхдийн төсвөөс их хэмжээгээр санхүүжүүлсэн нь харагдана.
Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар хоёр ч удаа холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Саяхан хүлээн авч уулзахдаа өмнөх уулзалтын үр дүнг асууж байна лээ. Харин хүүхдийн төсвийг хэрхэн зарцуулж байгаа талаарх тайлбартаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “2018 онд УИХ хүүхэд хөгжил, хамгааллын салбарт 6.4 тэрбум төгрөг суулгасан. 2.4 тэрбум төгрөгийг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгт хуваарилсан. ХНХЯ-нд 700 сая төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 667 сая төгрөг, дэргэдэх байгууллага буюу “Найрамдал”, “Өнөр бүл”, “Нарт хангай”, “108” төв, хүүхэд хамгаалах байранд 789 сая төгрөг, салбар дундын үйл ажиллагаанд 1.4 тэрбум төгрөг суусан. Эдгээр зардлаас тавилга, тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь 192.5 сая төгрөг болсон. Тавилга гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төвд нөхөн сэргээх төхөөрөмж, техникийн хангамж хүрэлцээгүй байгаа зарим орон нутагт компьютер, ширээ сандал авсан. Энэ нь 67.4 сая төгрөг болсон. Мөн “Өнөр бүл” төвд 23 сая төгрөгийн архивын тоног төхөөрөмж авсан” гэсэн албан тайлбарыг хийж байна лээ. Ерөнхийлөгч хүүхэд хамгаалалд зарцуулах төсвийг ирэх оны төсөвт ч хасахгүйгээр авч үлдэх хэрэгтэйг анхааруулж байсан.
Салбарын яамнаас сургууль цэцэрлэг хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр стандарт боловсруулж байгаа юм байна. Улсын хэмжээнд их эрсдэлтэй үнэлэгдсэн 65 сургууль байгаа аж. Эрсдэлийн үнэлгээний дагуу дээвэр, цахилгаан, сантехник зэргийг шинэчлэн засварлахад холбогдох яамныхан анхаарч ажиллаж байгаа гэнэ. Улсын хэмжээнд гэрэлтүүлгийн шонг аюултай эсэхийг шалгаж, 27 албан шаардлага өгч, 54 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн харилцаа холбооны 1386, цэвэр бохир, дулааны 856 шугам сүлжээний таг, 152 сургууль, 195 цэцэрлэгт шалгалт явуулж, 575 худгийн тагийг засварлуулж, тэмдэг тэмдэглэгээг нь сайжруулсан. Хүүхдүүд цахим гэмт хэрэгт өртөж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Цагдаагийн газраас хэрэгжүүлсэн “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” гэсэн уриатай цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” хөдөлгөөн давхардсан тоогоор 6.1 сая хүнд хүрсэн байна. ЦЕГ энэ чиглэлээр Харилцаа холбооны газартай хамтран ирэх сард нөлөөллийн аян зохион байгуулах гэнэ.
Эдүгээ ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байгаа. Ер нь төсвийг хэмнэхээр зардал танасан гэх гомдол одоогоор сонсогдоогүй. Харин ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад ихээхэн хэмжээний төсөв нэмсэн. Тэр дундаа 2019 онд гэхэд бүх хүүхдэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж сайжирна гэж үзэж байгаа. Тиймээс хүүхэд хамгаалалд чиглэсэн төсөв ч танагдахгүй гэж найдана. Харин төсвийн захиран зарцуулагч нар хүүхдийн төсвийг хүүхдүүдэд зориулаарай. Түүнээс бус хамтран ажиллах санамж бичиг, сургалт зохион байгуулах, тавилга худалдан авах зэрэг өөрсдийнхөө үйл ажиллагаанд онцгой анхаарч,санхүүжилтээ нэмэн салхинд хийсгэмээргүй байна.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ