Хүүхэд харагчид 5.8 тэрбум төгрөгийн төсвөө хэвээр үлдээхийг ГУЙЛАА

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ. Тэд хүүхэд харах үйлчилгээний төсөв болох 5.8 тэрбум төгрөгийг бүтнээр нь өгөхийг хууль тогтоогчдоос гуйж байна.

2018 онд хүүхэд харах үйлчилгээнд зориулж, улсын төсвөөс 5.8 тэрбум төгрөг баталж өгсөн аж. Харин 2019 оны төсөвт энэ мөнгө 2.6 тэрбум төгрөг болон буурсан нь хүүхэд харах үйлчилгээ зогсох, цаашлаад төрийн хүүхдийн эсрэг бодлого хэмээн үзжээ. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд төрийн эрх мэдэлтнүүдэд хандаж байна.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос гаргасан шаардлагад “Хүүхэд харах үйлчилгээний хууль нь хүүхэд хамгааллын асуудлыг бодитоор хэрэгжүүлж буй хууль. Энэ хууль хэрэгжсэн хугацаанд стандарт, журмын дагуу жилд 400 хүүхэд харах төв байгуулагдаж, гурван жилийн хугацаанд 17 гаруй мянган хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан байна.
Энэ хууль хэрэгжсэнээс хойш 2016 онд 5496 хүүхэд, 2017 онд 5325 хүүхэд, 2018 онд 5975 хүүхэд эрсдэлгүй, аюулгүй орчинд хамгаалагдлаа. Улсын жил бүр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж, төрийн ачааллыг бууруулж байна.
2018 оны улсын төсөвд 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаж, улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний 431 төвд 5275 хүүхэд хамрагдан, 1024 хүн ажлын байртай болсон. 10 000 гаруй эцэг эх хүүхдээ өгч ажил хөдөлмөрөө эрхэлж байна.
2019 оны улсын төсөвт 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2.6 тэрбум төгрөг болгон бууруулсан нь Хүүхэд харах үйлчилгээний хуулийг зогсоох, хүүхэд хамгааллын эсрэг төрийн бодлого болж байна” хэмээн дурджээ. Санхүүжилтийг нь бууруулсан нь 4000 гаруй хүүхэд 500 гаруй хүүхэд харагчийн эрхийг ноцтой зөрчсөн санаатай үйлдэл юм. Тиймээс 5.8 тэрбум төгрөгийг хэвээр үлдээхийг шаардлаа. Тус шаардлагын хариуг энэ сарын 15-ны дотор авна гэдгээ тэд хэллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ