Уулзвар нэвтэрч амжилгүй шар тэмдэглэгээ дотор зогсвол торгоно

-Улаан гэрэл ассан үед шар тэмдэглэл дээр зогсож үлдсэн автомашины жолоочид хариуцлага тооцно-

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн судалгааны үндсэн дээр нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргаж, зарим уулзварт шар тэмдэглэгээ хийхээр болсон. Цэцэг төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музей, МУБИС гэсэн дөрвөн байршлын уулзварт шар тэмдэглэгээ хийх юм. Үүний эхлэл болгож, Цэцэг төвийн автозамын уулзварт шар тэмдэглэгээ хийжээ.
Шар тэмдэглэгээний талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад “Тухайн тэмдэглэл дээр зогсохгүй байх шаардлагатай. Тэмдэглэл дээр зогссон бол бусад хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байгаа юм. Мөн уулзвар зам ачаалалтай түгжирсэн үед дотогш нэвтрэхгүй. Хөдөлгөөний соёлыг хэвшүүлэх хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй зурвас юм. Тухайлбал улаан гэрэл ассан үед тухайн зурвас дээр зогсож үлдсэн, хөдөлгөөнд саад учруулж уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцогдоно л гэсэн үг. Уулзвар ачаалалтай хөдөлгөөн удааширсан байвал жолооч уулзварт оролгүй 5.1 буюу зогс шугамны өмнө зогсож дараагийн гэрлийг хүлээх үүрэгтэй” хэмээн тайлбарлалаа.
Одоогоор Цэцэг төвийн уулзвар, Багшийн дээдийн уулзвар гэсэн хоёр газарт шар тэмдэглэлийг хийсэн бөгөөд цаашид Байгалийн түүхийн музей, Цаг уур, орчны шинжилгээний газар гэсэн нийт дөрвөн уулзварт тэмдэглэлийг хийх юм байна.
Шар тэмдэглэлийн ач холбогдлын талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн, хурандаа С.Энхтөр "Гарч амжихгүй бол бүү ор гэсэн зарчим үйлчилнэ. Гэрэл солигдоход шар дөрвөлжин дотор зогссон бол торгууль ирнэ. Тэгэхээр нэгнийхээ урдуур өрсөж уулзвар руу дайрч бөгөлдөг нөхдүүд болих нь ойлгомжтой. Зөрчвөл тогтмол торгууль ирнэ гэсэн үг. Энэ талаар НИТХТ ийн тогтоол удахгүй гарна. Энэ талаар санал асуулга явуулахад 85 хувь нь дэмжиж байгаа тухай судалгаа байна. Зохион байгуулалтыг хийснээр уулзвар дээрх түгжрэл 90 хувиар буурна" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ