ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсад айлчилж байна

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. .
Айлчлалын үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт гарын үсэг зурав.
Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.
Айлчлалын үед Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцов.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.
Айлчлал хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулахаар хөтөлбөрт тусгажээ. Үүнд:
10:45-10:50 цагт: Төлөөлөгчид Батлан хамгаалах яамнаас ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд ирнэ.
10:50-11:00 цагт: Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.
11:15-11:45 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг хүлээн авч уулзана. Уулзалтад:
11:50-12:10 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” гардуулж баяр хүргэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ