Б.Батзориг: Надад ямар ч компани байхгүй

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын нэр бүхий гишүүд мөнгө авсан гэх мэдээлэл гараад байгаа. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн хамаарал бүхий компани 1.4 тэрбум төгрөг авсан тухай яригдаад байгаа. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос тодруулахад:
-Надад болон надтай хамааралтай хүний нэр дээр ямар ч компани байхгүй. Энэ бол гүтгэлэг. Над руу дайрах яах вэ. Хувь хүний, иргэний мэдээллийг ашиглаад гэр бүлийн минь нэр хүндэд нь халдаж гүтгэлэг хийж байгаа нь маш бүдүүлэг үйлдэл байна. Улстөрчийн хувьд би тоохгүй байж болох ч эр хүн, эр нөхрийн хувьд тэвчих аргагүй болж байна шүү гэдгийг гүтгэлэг тарааж байгаа хүмүүст анхааруулчихъя.
-Танаас гадна нэр бүхий гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэж яригдаж байна?
-Зээлийн журам маш хатуу. Сонгон шалгаруулалт зарладаг, аж ахуйн нэгжийн материалыг авдаг, комисс шалгаруулж, баталгаа барьцааг нь авч байж олгодог. Хэр баргийн барьцаагүй, баталгаагүй хүн энэ зээлийг авах боломжгүй. Үнэхээр барьцаагаа тавиад, сайн төсөл боловсруулаад ороод ирсэн бол ямар ч компани хамрагдах хүрэн боломжтой.
-Ер нь салбарын яамнаас ЖДҮ-ийг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
-МАН жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлж, иргэдийг орлоготой болгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. ЖДҮ-ийн сангаар олгож байгаа зээл бол маш зөв. Өнгөрсөн жил 70 орчим тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. Мянга гаруй компаниас 800 орчим тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Энэ сангаас зээл авсан компаниуд маш хариуцлагатай, маш сайн төлдөг. Энэ бол иргэдээ ажилтай, орлоготой болгох бодлогын зээл. Цаашдаа ч Засгийн газар жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж ажиллана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ