ОБЕГ: Сэлэнгэ аймагт онгоц унаагүй

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд онгоц уналаа гэсэн бичлэг бүхий мэдээлэл сошиал орчинд тараад байна. Энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд тухайн газарт хогийн цэгийн ойролцоо автомашины дугуй шатсан болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын дарга Н.Ариунжаргалаас "Манай суманд тийм зүйл болоогүй. Саяхан манай сумын төвийн дэргэдэх хогийн цэг дээр дугуйны хар хаймар шатаасан гэсэн. Манай сум хилийн ойролцоо байдаг тул хил гарах гэсэн тээврийн урсгал их байдаг болохоор дугуйны хог хаягдал маш их байдаг юм. Манай сумын ажил хариуцсан хүмүүс хааяа тэдгээр дугуйнуудыг цуглуулж шатааж байгаль орчноо цэвэрлэдэг. Энэ удаад ч гэсэн тийм л цэвэрлэгээний нэг хэсэг явагдсан" хэмээн хэвлэлд ярьжээ.
Онгоц унасан тухай анхлан "ТВ9" телевизийн "Монгол коммент" нэвтрүүлгээр "Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байлдааны онгоц унаж шатсан" гэж мэдээлсэн юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ