Шар тэмдэгт бус, алба хаагчдын уушгинд санаа тавих хэрэгтэй байна

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл /2018.10.26/ хийлээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Жилд үйлдэгдэж байгаа зам тээврийн ослын 5000 гаруй хэрэг, хэргийн улмаас нас барсан 650-700 хүний амь нас, 13 тэрбум орчим төгрөгийн эд материалын хохирол бүхэн замын хөдөлгөөний дүрмийг мэддэггүй байдал, дүрэм ч бус үйл ажиллагааны үр дагавар. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахад чиглүүлэн гаргаж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм шинэчилсэн найруулгыг нийт иргэддээ уншиж судлахыг уриалж, зөвлөж байна. Иргэд маань http://www.legalinfo.mn/ цахим хаягаар нэвтэрч, шинэ дүрэмтэй танилцах боломжтой. Ойлгогдохгүй зүйл заалт байвал Тээврийн цагдаагийн албанд хүрэлцэн ирж уулзаж, сургалт зөвлөмж авахад нээлттэй.
Дүрмийн гол агуулга нь жолоочийн аюулгүй байдал, явган зорчигчийн аюулгүй байдал, замын мэдээлэл, бусад гэсэн бүэлгтэй, хуучин 165 зүйл заалт байсныг 227 зүйл болгон 60 гаруй заалт шинээр нэмэгдсэн. Тухайлбал Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д улирлын байдалд тохирсон дугуйг жолооч хэрэглэнэ гэсэн үүргийг өгсөн байна. Шинэчилсэн дүрэмтэй нэг бүрчлэн танилцахыг хүсвэл дээрх цахим хаягаар нэвтэрч, танилцах боломжтой" гэлээ.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн судалгааны үндсэн дээр нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргаж, зарим уулзварт шар тэмдэглэгээ хийж байгаа.
Энэхүү тэмдэглэгээ арилсан эсэх асуудалд хурандаа Э.Бөхбат "Шар тэмдэг арилаагүй гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллага төсөв, хөрөнгийн асуудлыг ярьдаггүй. Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс бид үүнийг захиалж хийлгэсэн. Гэхдээ арилсан, арилаагүй гэдэг асуудлыг гүйцэтгэж байгаа байгууллага мэднэ. Одоогоор бидэнд арилсан гэх мэдээлэл ирээгүй байна. Агаарын бохирдол ямар байгааг л харуулсан. Зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа 300 цагдаа ямархуу хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгааг харж болно. Шар тэмдгийг тавиад тав ч хоноогүй байхад шар зураас хэрхэн бохирдсон байгааг харж болно. Гэтэл зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын уушгинд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг төсөөлөхөд бэрх. Харин шар тэмдэгт санаа зовох хэрэггүй" хэмээв.
Уг шар тэмдэглэгээ нь хүйтний улиралд авто замын арчлалт хийх ажил зогссонтой холбоотойгоор замын тоосжилт, тортог, агаарын бохирдол, авто замын гадаргуугийн бохирдлоос шалтгаалж өнгө бүдгэрч харагдсаныг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас авто замын цэвэрлэгээ хийж олон нийтэд харуулсан.
Мөн хүйтний эрч эхлэхээс өмнө барилгын ажил хийгдэж байгаа энэ үед кран, бетон зуурмагийн машин, хүнд даацын автомашны дугуйнд наалдсан элдэв хаягдал, шавар нь авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гол бохирдуулах нөхцөл шалтгаан болж байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ