Хуулийнхан ажлаа хийг, сошиалчид аа

Загвар өмсөгч нас барсан тухай мэдээлэл цахим хуудсуудаар хөвөрч, хэргийн тухай үнэн худал нь эс мэдэгдэх үгсийг амнаас ам дамжин ярилцаж байна. Талийгаач эмэгтэй нь телевизийн нэр хүндтэй шоу нэвтрүүлгийн оролцогч байсан тул олон нийтийн анхаарлыг татаад байгаа.
Нийгмийн сүлжээгээр шөнийн 23.00 цагийн орчимд гэрээс нь дуудаж гаргаад санаатайгаар 11 давхраас охиныг түлхсэн, Охины үхэлд оролцож байсан шоу нэвтрүүлэг нь буруутай. Тэр нэвтрүүлгээс болж сэтгэл санааны дарамтад орж, амиа хорлосон, хэн нэгэн түүнийг хорлочихсон, хар тамхи татсан, УИХ-ын гишүүний хүү буруутай гэх мэтээр сошиалчид цагдаагийн албан ёсны тайлбар, мэдээллээс урьтаж олон таамаг мэдээллийг олон нийтэд түгээсэн.
Харин хэргийн тухай цагдаагийн байгууллагаас “2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барилга дээрээс хүн унасан байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд тус өдрийн 17.25 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж гүйцэтгэсэн.Тус байранд оршин суух хаягтай 22 настай, эмэгтэй Ч унаж нас барсан байсныг тогтоож, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэх албан ёсны мэдээллийг өгсөн.
Хэргийн дуудлага, мэдээлэл оройн 17.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Тэгэхээр шөнийн 23.00 цагт хэрэг гарсан гэдэг ташаа мэдээлэл бололтой. Тэгвэл нэвтрүүлгийн үеэр сэтгэл санааны хүнд дарамтад орсон, улмаар амиа хорлосон гэх мэдээлэлтэй холбогдуулан “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн шүүгч, Д.Нора өөрийн үзэл бодлоо цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.
Тэрбээр “Шоу нэвтрүүлгийн оролцогч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар хууль хяналтын байгууллага шалгаж, учир шалтгааныг тогтоож, мэдэгдэл хийгээгүй байхад ам уралдан мэдэмхийрч, өөрсдөө таамаглан, ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хөөрөгдөж, хувийн шоу хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрч байгаатай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийж байна.
Зарим хүний хувьд телевизээр хардаг хайртай модель нь байж болох ч “Mongolia’s Next Top Model 2” нэвтрүүлгийн баг хамт олон, оролцогч охид нийт Монголын Загварын ертөнцийн хүрээнд ижилдэн дассан эрхэм найз, дүү, эгч, модель, эрхэм дотны хүндтэй хүн байсан юм. Бид талийгаачаа цаг бусаар харамсалтайгаар алдаад өр зүрх өмөрч, сэмэрч хэнээс ч илүүтэйгээр харуусан халаглаж гашуудан сууна!
Манай нэвтрүүлгийн хувьд зураг авалт амжилттай явагдаж аравдугаар сарын эхээр дуусаад оролцогчид, шүүгчид түр амраад байсан болохоор нэвтрүүлгийн зураг авалтын stress дарамт шахалт байгаагүйн дээр манай нэвтрүүлгийн зүгээс мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран ажиллаж, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьж ажилладаг, дэлхийн хэмжээний мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагддаг нэвтрүүлэг гэдгийг онцолмоор байна.
Бидэнд тохиосон энэ их уй гашууг далимдуулан MNTM нэвтрүүлгийн нэр төрд санаатайгаар халдах гэсэн, мөн гэм зэмгүй цэцэг шиг оролцогч охидыг маань элдвээр хардаж, талийгаачийн үхэлд буруутгаж, гүтгэн доромжилж, үзэгчдийг хооронд нь талцуулан хэрэлдүүлж, нийт ард иргэдийн тархийг ямар ч баримтгүй мэдээллээр угааж байгааг нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч, зааварлагч багш, мэргэжил нэгт загвар өмсөгч эгч хүний хувьд өөрийнхөө байр суурь, бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ.
Манай нэвтрүүлгийн шилдэг оролцогч талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хувьд МНТМ нэвтрүүлэг гарч байх хугацаанд буюу түүний амьд сэрүүн, эрүүл саруул байх үед үзэгчид байнга хэл яриа, хийсэн үйлдлээр нь доромжилж шоолж, шүүн шүүмжилдэг байсныг одоо сануулахад илүүц болох биз.
Тиймээс манай нэвтрүүлгийн үлдсэн оролцогчид энэ болсон явдалтай ямар ч хамааралгүй, гэм зэмгүй айлын жаахан цэцэг цэврүү шиг охидыг ямар нэгэн байдлаар гүтгэж доромжлон сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байхыг хувийн зүгээс хичээнгүйлэн хүсэж байна. Нийт загвар өмсөгчдийг гутаан доромжилж, энэ мэргэжлийг буруутгаж, хар тамхи, архи, болохгүй бүтэхгүй муу муухай бүхэнтэй холбон нийгэмд буруу сэтгэгдэл төрүүлж байгаа нэр бүхий хүмүүсийг Нора Дагва миний бие шүүхэд өгөх болно” хэмээн бичжээ.
Харин талийгаачийн ар гэрийнхний зүгээс амиа хорлолт байсан гэдэгтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд ямар нэгэн гадны нөлөөтэйгээр нас барсан гэж үзэж буй аж. Энэ талаар түүний хамаатны дүү нь “Амиа хорлолт байгаагүй шүү. Хүмүүс цуурхалд итгэх юм” хэмээн инстаграмм хуудсандаа нийтэлсэн байна.
Хэргийн газарт очиж ажиллах цор ганц эрх бүхий субьект бол цагдаагийн байгууллага. Тэд ажлаа хийсэн. Хуулийн хүрээнд хэргийн талаар тодорхой мэдээллийг өгсөн. Одоо харин хэргийн үнэн мөнийг эцэслэн тогтоохоор мөрдөн, шалгах ажиллагааг явуулж байгаа. Хэргийн үнэн мөнийг хуулийн байгууллагынхан тогтоох хүртэл хэнийг ч буруутах ёсгүй.
Тиймээс худал, үнэн нь нотлогдоогүй мэдээллийг "хөөсрүүлж", хэн нэгний зовлон шаналалаар "оноо авах" гэж улайран тэмцэхгүй байхыг эрхэм сошиалчдаас хүсэх байна. Хүн бүхэн хардах эрхтэй ч, худал үнэн нь тогтоогдоогүй байхад олон нийтэд мэдээлэх эрхгүй. Тиймээс цагдаагийнхан ажлаа хийг.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ