"Сан" гэх нэрийн цаана улстөрчид мөнгө угааж байна

Хөдөлмөрийн үндэсний намаас Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийлээ.
Тус намын дарга Б.Найдлаа "Сүүлийн үед ЖДҮХС-тай холбоотой, УИХ-ын гишүүд өөрсөддөө зориулж зээлийн журам гаргаж, жижиг дундад биш том зээлийг маш бага хүүтэй авсан тухай шуугиан дэгдээд байна. Энэ бол зөвхөн хэдхэн гишүүний асуудал, ганцхан МАН-ын асуудал биш юм. Энэ бол эртнээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр төсвийн мөнгийг зувчуулдаг, өөрийн бизнест өгдөг, өөрийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлүүлдэг, жинхэнэ мөнгө хүүлдэг, жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэдийн эрх ашгийг уландаа гишгэдэг бүхэл бүтэн систем болж тогтсон байна. Тэгэхээр бид энэ асуудлыг хэдхэн дарга, сайдыг огцруулаад дуусах биш ул суурьтай судалж, ярилцаж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг очихуйц тогтолцоог бий болгохоор тэмцэх хэрэгтэй байна.
Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гуравны нэгд нь 10 сая хүртэлх төгрөг л хэрэгтэй байдаг. Мөн 30 хувьд нь 50 сая хүртэлх санхүүжилт хэрэгтэй байдаг. Нийтдээ 80 хувьд нь ердөө 100 сая төгрөгийн санхүүжилт байхад хангалттай болох нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл яагаад 2 тэрбум төгрөгийн зээлийн журам гараад түүнийг нь сайд дарга нар авсан байна вэ. Энэ хэдхэн сайдын асуудал биш, улстөрийн өөрийн хүрээллийг хөгжүүлдэг тогтолцоо юм" гэв.
Тус намын удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд "2017 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөгийн авлигын асуудал яригдаж, нийгэм даяараа шуурсан. Гэхдээ бодит байдал дээр өнөөдөр бидний мэдэхгүй маш олон тэрбум төгрөгийн асуудал яригдаж, энэ нь зөвхөн намын санхүүжилтээр явагдаж байна гэж бид харж байна. Зөвхөн нэг жишээ гэхэд ЖДҮХС-д 330 тэрбум төгрөгийг тараасан байна. Үүнээс цаана Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг ард түмэндээ чиглэсэн сайхан нэртэй боловч цаана нь улстөрчид мөнгө угаадаг, өөрсдийн намын санхүүжилтийг хийдэг, нам үл хамааран энэ системийг хөгжүүлээд явдаг, хоорондоо тохиролцдог буруу санхүүгийн системээр бид олон жил явж ирсэн. Зээлийн хүү өндөр байна гэдэг. Банкны зээлийн хүү жилийн 25 хувь байгаа. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагын хүү жилийн 50-100 хувь байна. Гэтэл банк бусын хөрөнгийн эх үүсвэр нь эндээс гарч ирж байна" гэлээ.

Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ