Д.Эрдэнэбат: УИХ-ыг гишүүдийг авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг шаардаж байна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар ЖДҮ-ийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ. Завсарлагааны хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-АН-ын бүлгээс 10 дугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй бол бид хуралдаандаа орохгүй гэсэн. УИХ-ын даргаас "Хуралдааны дэгийг баримталж, хуралдаандаа орох нь зүйтэй гэсэн албан бичгийг АН-д ирүүлсэн. Харин Засгийн газраас өнөөдрийг хүртэл ямарч хариу ирээгүй. Тиймээс бид асуудлыг нэг тийш болгох байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Нэгдүгээрт, УИХ-ыг гишүүдийг зохион байгуулалтай авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна.
Хоёрдугаарт, Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэн, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, өөрийн компаниуддаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна.
Гуравдугаарт, Энэ бүхнээс алдагдсан боломжуудыг иргэдэд яаралтай олгох арга хэмжээг УИХ, Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж бид үзэн байна.
Монгол Улсын 2019 оны төсөв нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, хүн ам, нийгмийн түвшнийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байгаа.
Тийм учраас зөрчлийг арилгатал АН-ын бүлэг чуулганы хуралдааны дэгийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа үүгээр мэдэгдэж байна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ