Б.Батзориг уучлал ГУЙГААГҮЙ

“Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалыг өгч байна” гэж мэдэгдсэн хоёр дахь сайд нь ХХААХҮЯ-ыг толгойлж байсан Б.Батзориг болов. Түүнийг 11 секунтын мэдээлэл хийхээс өмнөхөн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэвлэлийн хурал хийж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцохоор боллоо хэмээн мэдэгдсэн байв. Харин араас нь Б.Батзориг өөрийн хүслээр албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдсэн нь утга авцалдсангүй. Ёсондоо бол нам нь, Ерөнхий сайд нь түүнийг огцруулжээ.
Ингэж өөрийн хүслээ илэрхийлэхдээ сандал татан суусан кадр түүнийг УУЧЛАЛ гуйсан ёсзүйтэн болгон, нийгмийн сүлжээнд чамгүй өндрийг авчээ. Үнэн нь Б.Батзориг уучлал гуйгаагүй. Сандал татан сууж, 11 секундын үг хэлчихээд гарснаас өөрцгүй. Учир мэдэх хэсэг бүлэг нь түүнийг өөрийн хүслээр ажлаа өгөөгүй, цаашлаад уучлал гуйгаагүй гэдгийг нь мэднэ. Харин хөөсрүүлэгчид юу хэлэхийг мэдэхгүй.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр ч сайд сайн дураараа ажлаа өгч байгаагаа мэдэгдэж, дан дээлтэй болов. Үүнийг сайн жишиг гэж харагсад цөөнгүй байна. МАН сайн жишиг тогтоолоо хэмээн “долоосон” коммент ч мундахгүй олон. Гэхдээ энэ бол сайн жишиг биш. Харин хариуцлагаас амар хялбараар зугтсан арга. Үүсгэсэн асуудлаа хаяад явж байгаа нь хариуцлага хүлээлт огт биш. Ж.Бат-Эрдэнэ ч, Б.Батзориг ч ялгаагүй, хариуцлага хүлээсэн биш хариуцлагаас зугтсан.
Тэгвэл хариуцлагаас зугтах дараагийн сайд хэн бэ. Ж.Бат-Эрдэнийн араас Я.Содбаатар явах уу. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авснаа хүлээн зөвшөөрсөн тэр бас хариуцлага хүлээж байгаагаа мэдэгдэх үү?!
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ