Өөрийгөө өмөөрөх нь олны дургүйцлийг л дэврээнэ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ эргүүлэн төлснөө мэдэгдэж олон нийтээс уучлал гуйгаад байгаа. Тэрбээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авснаа “Хулгай хийж, тендер концесс авч, улсын үйлдвэрт шахаа хийж, албан тушаал хөөцөлдөж явсангүй .Зээл авч ажлын байр бий болгож хөдөлмөрлөж бүтээж явна” хэмээн жиргэжээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх зээл бол дундаж давхаргынхныг дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг бий болгох зорилтот бүлэгт чиглэснээрээ онцлогтой. Тиймээс мэдээллийн давуу байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан нэр бүхий гишүүдийг нийгэм буруутгаад байгааг эрхэм гишүүн мэдрээгүй юу мэдрэхийг хүсээгүй юу.
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдийг “мөнгө угаасан байх магадлалтай” гэж сөрөг үзэж байгаа. Ж.Энхбаяр гишүүн “Газар партнерс”, “Газар” гээд банк бус санхүүгийн байгууллагатай. Тиймээс ч олон нийт зээлийг буцааж төлүүлээд зогсохгүй компанийнх нь үйл ажиллагааг шалгахыг шаардаж байна лээ. ЖДҮХС-гийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, ББСБ сарын таван хувийн, жилийн 60 хувийн хүүтэй байдаг. Тэгээд ч төрд бэлэн мөнгө байхгүй, тендэр, концессоор бүтээн байгуулалт өрнүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс өөр гарцгүй гэж парламент үзэж байна лээ.
Тиймээс жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ боомилж, зээлээ төлсөн нэрийдлээр “уснаас хуурай гарах” оролдлого, өөрийгөө өмөөрөх ямар ч тайлбар өнөөдөр олны дургүйцлийг дэвэргэнэ үү гэхээс алдагдсан итгэлийг нь буцааж олохгүй.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ