У.Хүрэлсүх: Би шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй

Шатахууны үнийг буулгах шаардлага тавьсан 300 жолооч өнөөдөр хоёр дахь өдрөө эсэргүүцлээ илэрхийллээ. Таван өдөр үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн энэ эсэргүүцлийн цуглаан үр дүнд хүрэхгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индрээс мэдэгдлээ.
Тэрбээр “Шатахууны үнийн асуудал ганцхан У.Хүрэлсүхийн Засгийн газартай холбоотой асуудал биш. Энэ бол бүх л Засгийн газар, Ерөнхий сайдын толгойны өвчин зовлон болж ирсэн. Би нэг зүйлийг хатуу хэлье. Үнэ тогтворжуулах ажил хийхгүй. Би цаасан мөнгө хэвлэж, ард түмнээ хуурахгүй.
Ерөнхий сайдаар ажиллахын тулд ард түмнээ хуурч, эдийн засгийн суурь үзүүлэлтээ үндсээр нь эвдэх сонирхол надад байхгүй.
2012-2016 онд найман их наяд төгрөгийг хэвлэж гаргасан. Үүний үр дүнд улсын эдийн засаг дампуурсан. Тухайн цаг үедээ шатахуун болон зарим нэг бараа бүтээгдэхүүний үнийг төр хатуу барьсан ч цаашдаа эдийн засгаа сууриар нь унагаах үндсийг тавьсан. Тэрийг одоо бид амсаж байгаа. Тиймээс цаасан мөнгө хэвлэж, ард түмнийг хуурч, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин газрын тосны үйлдвэрээ хурдан барихын төлөө байгаа бүхнээрээ ажиллана” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ