"Хүрээлэн" төсөлд хүч нэмэх ТАВ

“Тэд өмнө нь ингэж нэгдэж байсангүй. Урьд нь хэний ч зориглоогүй урт аянд тэд хамтдаа гарч байна...” хэмээн эхлэх нэвтрүүлэг хэдий нь танил сонсогдох болжээ. Энэ бол “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголынхоо байгалийн цомгийг амжиж авч үлдэх гэсэн хүсэл тэмүүлэл дүүрэн биологичид, гэрэл зурагчид, сэтгүүлчид, баримтат киноныхон нэгдэж, байгаль зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг байгуулан “Хүрээлэн” төслийг эхлүүлж байв. Энэ төслийн уран бүтээлчид Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай 100 шахам дугаарыг тасралтгүй бэлтгэж үзэгчдэд хүргэсээр энэ онд тав дахь жилтэйгээ золгож байна.

 

“Хүрээлэн” төслийн уран бүтээлчид энэ удаад “Энержи ресурс” компанитай хамтран говийн байгаль, зэрлэг амьтдыг таниулах “Говийн таван гайхамшиг” нэртэй телевизийн төслийг эхлүүлэхээр зориг шулууджээ. “Энержи ресурс” компанийн “Ухаа худаг” уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсний 10 жилийн ой мөн энэ онд тохиож буй. Энэ уурхайн 10 жилийн ой, “Хүрээлэн” төслийн таван жилийн тэгш ойг тохоиолдуулан “Говийн таван гайхамшиг” цувралыг бэлтгэн үзэгчдэд хүргэхэд дээрх хоёр байгууллага хамтран ажиллахаар сэтгэл, зүтгэл, зорилгоо нэгтгэжээ.

 

Говь нутгийн гайхамшгийг таниулах зорилготой “Говийн таван гайхамшиг” төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.11.06/ боллоо.

 

Энэхүү арга хэмжээг нээж “Хүрээлэн” төслийн ерөнхий продюсер М.Буянбадрах “Гар утсаа, компьютороо, телевизээ асаагаад мэдээ үзэхээр ЖДҮХС-ийн зээл, шатахууны үнийн өсөлт зэрэг тааламжтай бус мэдээлэл хөвөрч байна. Өнөөдөр бид энд хөмсөг зангируулсан, бодол чилээсэн бараан мэдээлэл биш ямар нэгэн улстөргүй гэгээлэг, өнгөлөг ажлын тухай ярилцахаар та бүхнийг урьсан юм. Учир нь “Энержи ресурс” ХХК, “Хүрээлэн” амьд ертөнцийн цувралын уран бүтээлчид хамтран эхлүүлэх гэж байгаа “Говийн таван гайхамшиг” хэмээх телевизийн шинэ цувралыг танилцуулах гэсэн” хэмээлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Хүрээлэн” төслийн удирдагч, гэрэл зурагчин У.Ганбаяр Ховд аймгийн Жаргалантхаан ууланд цоохор ирвэсийн зураг хальсанд буулгахаар хөөцөлдөж яваад, уулын уруу унаж, гэрэл зургийн дурангаа эвдэлжээ. Эвдэрсэн дурангаа сонирхуулж, “Дуран ч яахав. Амь насаа алдах эрсдэл тулгарсан юм. Таван жилийн турш үргэлж эрсдэл дунд явсан. Хадны уруу өнхрөх, аппарат хэрэгслээ эвдэхээс эхлээд зовлон бэрхшээл бий. Таван жилийн хугацаанд аппарат маань эвдрэх нь эвдэрч их л зовлон үзсэн” хэмээн аян замын уртад тулгарсан хүндрэл, бэрхшээлээс хуваалцсан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнийн говьд үйл ажиллагаа явуулж, хариуцлагатай уул уурхайн үлгэр жишээ болсон “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” уурхай үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш арав дахь жилдээ золгож байгаа юм.  Уурхайн ойг тохиолдуулан мөн нийгмийн хариуцлагын хүрээнд, олон нийтийн боловсролд хувь нэмрээ оруулах үүднээс “Хүрээлэн” төслийн гэрэл зураг, дүрс бичлэгийн техник хэрэгслийг бүрэн шинэчлэхээр болжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Хүрээлэн” гэх сайхан, үр өгөөжтэй цуврал нэвтрүүлэг монголын телевизүүдээр цацагдаж, ард иргэдийн хүртээл болоод таван жил болжээ. Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч, ховордсон ан амьтан, ургамалыг дүрс бичлэгээр дамжуулан таниулж, хадгалж үлдэх, эх орноо хайрлах үзлийг дэлгэрүүлэх зорилго бүхий контент бэлтгэхэд нэн шаардлагатай зүйл бол техник, хэрэгсэл. Тэгэхээр “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн үйл ажиллагаа эхэлсний 10 жилийн ой, “Хүрээлэн” төсөл хэрэгжиж буй таван жилийн ойтой холбогдуулан “Говийн таван гайхамшиг” гэх цуврал нэвтрүүлэг бэлтгэх зардал, техник хэрэгсэл шинэчлэх ажилд хамтарч ажиллах болсондоо баяртай байна” гэв.

 

“Энержи ресурс” ХХК-д талархал илэрхийлж, гэрэл зурагчин У.Ганбаяр өөрийн уран бүтээлийн дээж, гэрэл зургаа дурсгав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Хүрээлэн” төслийг яагаад эхлүүлэх болсон талаараа гэрэл зурагчин У.Ганбаяр “Бидний байгальд аялах дуртай хэсэг нөхдүүд нийлээд байгаль хамгааллын чиглэлээр уран бүтээлээрээ дамжуулан олон нийтэд ойлголт өгөх үүднээс энэхүү төслийг эхлүүлж байлаа. Бусад улс оронд National Geographic channel зэрэг маш сонирхолтой контентууд байдаг. Манайд огт энэ төрлийн үндэсний контент байдаггүй. Тиймээс бид үүгээр мэргэшиж, ховордсон амьтдын тухай нэвтрүүлэг хийж, тэдгээрийн гэрэл зургийг хальсанд буулгаж, мөнхлөн үлдээхийг, үүгээр дамжуулан залуу үед эерэг хандлага бий болгохыг зорьсон. Өнгөрсөн хугацаанд бид 160 гаруй мянган километр аялж, Монгол оронд тэмдэглэгдсэн 138 хөхтөн амьтны 70 шахам зүйлийг, 500 орчим нүүдлийн шувуудын 230 орчмыг судалж, гэрэл зургийг нь буулгасан байна. Мөн телевизийн 80 гаруй дугаар бэлтгэн хүргэсэн амжилттай ажилласан байна. Гэхдээ энэ бидний сэтгэлд хүрсэн хангалттай тоо биш.

 

Бид анх эхлэхдээ сайн ойлголтгүй, төсөв байхгүй эхэлж байлаа. Одоо эргээд харахад чамлалттай байдаг. Нэг амьтны зураг аваад түүнийгээ “нэг” гэж тоолоод л эхлүүлж байсан. Одоо бол гөрөөс гэдэг амьтныг хаана амьдардаг хэрхэн үр төлөө өсгөж, үржүүлдэг, тухайн амьтны ангилал юу вэ зэрэг тэр бүгдийг нарийн судлаж, түүнийгээ “нэг” гэж тоолъё гэж зорьж байна. Энэ бүгдэд хүчтэй техник, хөрөнгө мөнгө хэрэгтэй. “Энержи ресурс” ХХК говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхай учраас говийн бүс нутгийн тухай урт хугацааны дорвитой, үр өгөөжтэй нэвтрүүлэг хийх санал тавьсан. Зөвхөн ховордсон амьтан, байгалийн үзэсгэлэн төдийгүй хүн чулуу хөшөө дурсгал, археологийн олдворын тухай нэвтрүүлэг бэлтгэхийг хүссэн. Энэ маш сайхан санал байлаа. Хамтын ажиллагааны хүрээнд “Энержи ресурс” ХХК-аас говийн бүс нутагт ажиллах техник хэрэгслийг нийлүүлж байгаа юм. Хамтын ажиллагаа үр дүнтэй, өгөөжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

“Говийн таван гайхамшиг”-ийг яруу найрагч, жүжигчин, дуучин зэрэг мэргэжилтэй таван олны танил эрхэм хөтлөн халуунд халж, хүйтэнд хөрж бодит нөхцөл байдал дээрээс үзэгчдэд хүргэнэ. Тэд бол

 

“Никитон” хамтлагийн ахлагч, УГЗ Б.Батчулуун

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шог зураач, СГЗ С.Цогтбаяр

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уулчин МУГТ Б.Гангаамаа

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Аюурзана

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жүжигчин, продюсер, СТА Т.Бархүү нар юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Хүрээлэн” төслийн “Говийн таван  гайхамшиг” тусгай цувралыг таван өөр салбарын эдгээр “ТОД” төлөөлөгч хөтөлж, үзэгчдэд хүргэх нь ихэд сонирхолтой юм. Шинэ хөтлөгчид, шинэ техниктэй “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлэг 2019 оны хавар, зунаас МҮОНТ, Монгол НD зэрэг телевизийн эфирээр үзэгчдэд хүрч эхлэх юм байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ