Ж.Мөнхбат: Би байраа гурван тэрбум төгрөгөөр худалдаж аваагүй

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцтай хэмээн цахимаар мэдээлэгдсэн. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө манай гэр бүл Зайсангийн "Сөүл Роял"-д амьдардаг байсан. Хотын түгжрэл, хүүхдүүдийн хичээл сургуулийг харгалзан Олимп хотхон руу нүүсэн. Ингэхдээ Зайсан дахь байраа зарж, эхнэрийнхээ оёмол, сүлжмэлийн үйлдвэрийн зарим техникийг худалдаж, мөн шинээр худалдан авч байгаа байраа банкны барьцаанд тавьж, 150 мянган ам.доллар зээлж орсон. Түүнээс манай гэр бүлийн худалдаж авсан байр гурван тэрбум төгрөгийн ханштай биш. Миний ХОМ-д энэ талаар тодорхой байгаа.
ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд би шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотой миний нэр төрийг гутаах гэж төлбөртэй мэдээллийг сошиал сүлжээгээр зохион байгуулалттай явуулж байна. Надад энэ талаар ч мэдээлэл ирсэн. Асуудлыг гаднаас биш дотроос гаргаж байна.
Би мөн тодорхой хэмжээний уран бүтээл хийдэг. "Долоон бурхан харвадаггүй", "Бүү март" кино хийсэн. Өнгөрсөн жил "Монгол тандаа зүтгэе" уран бүтээлийн тоглолт хийсэн. Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бөглсөн. Би хууль зөрчөөгүй .
Намайг концесстой холбох гэж оролддог. Би концесстэй ямар ч холбоогүй, тэгээд ч концессийн ажиллагаа зогссон хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ