Д.Хаянхярваа: УИХ-ыг тараах эрх Ерөнхий сайдад байхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж байна.Тэрбээр:
-Би өнөөдөр УИХ-ын гишүүнийхээ хувьд мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн нэг тойргийг төлөөлж сонгогддог ч гэсэн бүх ард түмнийг төлөөлөх эрхтэй.
Өнөөдөр ЖДҮХС-гийн асуудал намжихгүй байна. Үүнийг УИХ, намын түвшинд бодитой арга хэмжээ авахгүй байна. Зөвхөн ХХААХҮ-ийн сайдыг огцруулснаар асуудал намжина гэсэн ойлголт манай удирдлагуудад байна гэж би харж байна. Яагаад намын дарга, Ерөнхий сайд олон түмэнд тодорхой мэдэгдэл хийхгүй байна вэ. Тиймээс би Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна.
Би намын даргатай зөрчилдөөгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Ил, тод шүүмжлэлийг миний бие зөрчил гэж үзэхгүй байгаа. Шүүмжлэл нээлттэй байх тусмаа алдаа, оноогоо засах боломж олгодог гэж үздэг. Алдаа оноогоо олон талаас нь харж байж зөв шийдвэр гаргана шүү дээ.
Биднийг ядарсан ард түмэндээ тусал. Хийх ёстой зүйлээ шударга ёсны хүрээнд хий гэсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шударга ёсыг тогтоо гэж томилсон. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газраас шударга ёсыг шаардана. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байна. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооц. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлж гэсэн шаардлага тавьж байна. Намын Удирдах зөвлөлийн гишүүдээс ЖДҮХС-гаас зээл авсан бол улс төрийн хариуцлага тооц гэж шаардаж байна. Ерөнхий сайд нь "Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчихоод байна" гэж хэллээ. Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад эрх мэдэл нь байна. Үүнийгээ Ерөнхий сайд тайлбарла.
УИХ-ыг тараадаг эрх УИХ-аас байгуулсан Засгийн газарт байхгүй. Хэлж, ярьж байгаа үйлдэл бүрээ улс төрийн өндөр том албан тушаалтай хүн байнга бодож, санаж байх ёстой. Улс төрийн хийрэл, Үндсэн хуулийн зөрчил нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байна уу гэж би хардаж байна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ