Ж.Эрдэнэбатын Засгаас эхлэлтэй ЖДҮХС

УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал үүсгэн нийтийн өмчөөс нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөдөө зээл олгуулсан нь албан тушаалын гэмт хэрэг болох нь тодорхой болж Ерөнхий прокурор чуулган дээр шаардлага тавьсан байгаа.
Гэтэл ийм гэмт хэрэг үүсэх нөхцөлийг хоёр жилийн өмнө Ж.Эрдэнэбат 2016 оны 11 сарын 9-ний өдөр Засгийн газрын 138 дугаар тогтоол гаргах замаар зориудаар бий болгосон нь тодорхой боллоо. Уг тогтоолоор ЖДҮХС-гийн түр журмыг яаралтай горимоор боловсруулан гаргахыг сайд асан П.Сэргэлэнд үүрэг болгосон байна.
Үүрэг авсан сайд нь Түр журмыг болвсруулахдаа ЖДҮХС-ийн зээл арилжааны банкаар дамждаг байсныг болиулж, хүүг нь 9 хувь байсныг буулган 3 хувь болгосон юм. Ингээд зогсохгүй эл зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 250 сая төгрөг байсныг 2 тэрбум төгрөг болгож 10 дахин өсгөсөн байна.
Үүнээс хойш гурван сарын дараа УИХ 2017 оны 2 дугаар сарын 9-нд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14-р зүйл, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу ХХААХҮ-ийн сайд батлахаар өөрчлөлт (хуулийн 14.6) оруулжээ. Энэ нь өмнө үйлдсэн гэмт хэргээ хуульчлах, хуулийн хамгаалалт авах агуулгатай заалт болсон байна.
2016 оны 11 дүгээр сарын 9-нд сайд П.Сэргэлэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ыг баталж байхтай зэрэгцээд УИХ-ын гишүүдэд зээл олгоод эхэлчихсэн байжээ. Ж.Энхбаяр нарын гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулагдсан цагаас нь хурц шүүмжлэлээр бөмбөгдөж байсны учир эндээс тодорч байгаа аж.
Журмаа баталчихаад араас нь хуульд өөрчлөлт оруулсан байгаа нь хулгай хийчихээд тэрийгээ хуульчлах гэсэн оролдлого байсан тул эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ