Э.Бат-Үүл: АСЕМ-ийг гутаагчдыг ӨРШӨӨХГҮЙ
Үндэсний аудитын газраас АСЕМ-ын уулзалтын үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотойгоор 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн билээ. Тухайн албан тушаалтнуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, хотын дарга асан Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан П.Ганхуяг нар оролцож, тайлбар өглөө.

П.Цагаан: Миний нэр цагаан, мөр цагаан. Би амьдралдаа улсаас нэг ч төгрөг хулгайлж үзээгүй. Миний ажиллаж байсан бүх байгууллага жилд төсвөө хэмнэж, үлдсэн мөнгөө Сангийн яаманд байнга тушааж байсан түүхтэй. Би хулгай хийсэн хүнд дургүй, надад тийм түүх ч байхгүй. Хүний алдар хүндэд халдаж байгаа аудитын газар Монголын төрийг самууруулж байна. Худал мэдээлэл тарааж, нийгмийг бухимдуулж, төрийн түшээдэд худлаа мэдээлэл өгч байна.
Хуулийн байгууллагаар чулуу хөөлгөөд араар нь хулгай хийсэн нь түрүүчээсээ илэрч байна. Энэ байгууллагын удирдаж байгаа хүн ЖДҮХС-аас 750 сая төгрөг бүлэглэн хулгайлсан юм байна. Ийм хүн яаж хууль хяналтын байгууллагыг авч явах юм.
Аудитын газар 72 цагийн дотор алдаатай, хуудуутай дүгнэлтээ залруулж, уучлал гуйхыг шаардаж байна. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол хууль хяналтын байгууллагад хандаж, нэр хүндээ сэргээлгэнэ.
Э.Бат-Үүл: Монголд болсон АСЕМ-ийн үйл ажиллагааг гутаах зохион байгуулалттай ажлыг хийж байгаа тэр хүмүүстээ өршөөлгүй хандана. АСЕМ-ийг зохион байгуулсан нь Монголын хувьд нэр төрийн хэрэг. АСЕМ-ийн зохиогч нь монголчууд. Үүнийг жинхэнэ монголчууд бүгд мэднэ. Гадны гар хөл болж, Монголыг гутаадаг өөдгүй хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн хийж байгаа ажил.
Монгол анх удаа төрийн дээд зиндааны төлөөлөгчдийг бөөнд нь цуглуулсан олон улсын улс төрийн олимп хийсэн. Улсын төсвөөс наад зах нь 250 тэрбум төгрөг гаргах ёстой байсан. Гэтэл бид улсын төсвөөс 20-хон тэрбум төгрөг гаргуулсан. Маш хямд төсөр аргаар дэлхийн улс төрийн олимпийг зохион байгуулсан.
Би 30 жил гүтгүүлж ирсэн. Харин АСЕМ дээр бол тэвчихгүй. Энэ бол Монголын нэр төрийн асуудал. 1990 оны ардчилсан хувьсгал ялж дийлсний баяр байсан. Үүнийг ингэж гутаалгахгүй. Гутаах гэж оролдсон Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүстэй хатуу нэхэлтэй, өршөөлгүй байх болно.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ