Ц.Нямдорж: Дээд шүүхийг сүйрүүлж байгаа хүн бол Ц.Зоригт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэв.
Тэрбээр 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай. Ам бүл тав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1984-1995 онд нийслэлийн арван жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн эрх зүйч, 2007-2009 онд Батлан хамгаалах их сургуулийн хууль зүйн магистрын зэрэгтэй. 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга. 2000-2005 онд нийслэлийн шүүхийн шүүгчийн тухлах, нарийн бичгийн дарга, 2005-2006 Улсын Дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2015 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. С.Соёмбо-Эрдэнэ нь 12 жил шүүгчээр ажиллажээ. Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70,6 оноо авчээ. Иймд Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох саналыг УИХ-д хүргүүлсэн байна. Дараагаар нь байнгын хорооны гишүүд асуулт тавьж хариулт авсан юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Дээд шүүхийг сүйрүүлж байгаа хүн бол Ц.Зоригт. Ц.Зоригтын үед Монгол Улсын шүүх хоёр нүүртэй болсон. Зоригт Монголын шүүхийг шударга бус ажиллуулж байна. Жирийн иргэн, жирийн бус гэж ялгавартай хандаж байна. Шүүхийг, прокурорыг улс төрийн байгууллага болгож хувиргасан хүн бол Ц.Элбэгдорж гэдэг увайгүй этгээд. Өнөөдөр үүний гар гарч байна. Захиалга биелүүлсэн хүн нь албан тушаал авдаг,Сүхбаатарын одон, гавьяат болдог. Гэм зэмгүй хүмүүсийг шоронд хатаадаг болсон. Шүүхэд дур зоргоороо авирладаг явдал ердийн үзэгдэл болсон. Шударга ёс хуульд биш дарга нарт үйлчилдэг зодуурын хэрэгсэл болж хувирсан. Хараат бус байдлыг дур зоргоороо авирлах явдал гэж ойлгодог болсон. Шударга ёсыг УИХ-аас эхлэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Үүний цаана шударга ёсыг Дээд шүүхээс эхлэх ёстой. С.Соёл-Эрдэнийг ийм зүйлд орооцолдож байсныг би үгүйсгэхгүй. Дахиад битгий ийм зүйл хийгээрэй.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Бид сүүлийн 28 жил шударга ёсыг тогтоох гэж үзэж байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шүүх шударга биш байна сэтгэл эмзэглүүлсэн зүйл хэллээ. Би айж байна. Нэг шүүгч жилд 500 хэрэг шүүж байна. Гэтэл өнөөдөр Монголд шударга шүүх шүүж байна гэдэг дээр санал нийлэхгүй байгаа. Шүүхээс яагаад том хэргүүд буцаад, төлөг, бяруу хулгайлсан иргэнийг хэдэн жилээр яллаж байна. Өнөөдөр шүүх, прокурорын хаалга сахисан хэдэн зуун иргэн байгаа гэлээ.
Ингээд УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийг сонссон талаар УИХ-ын дарга бичиг илгээх аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ