Д.Тогтохсүрэн: Засгийг огцруулах нь цагаа олсон алхам гэж бодохгүй байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн шинэ дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
-Амаргүй цаг үе бүлгийн дарга болж байна. Би гурван чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, МАН-ын мөрийн хөтөлбөрийг дагуу 2019 оны долдугаар сар хүртэл ямар ажлууд хийх шаардлагатай байгааг тодорхойлно. Хоёрдугаарт, бүлгийнхээ гишүүдийн нэр хүндийг сэргээх, эв нэгдлийг хангах, хариуцлагыг сайжруулах чиглэлд анхаарна. Гишүүдийнхээ эрхийг хамгаалах ажил ч бий. Гуравдугаарт, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа ямар нэгэн саадгүй явж байгаа. Гэхдээ үүнд гишүүдийнхээ оролцоо, идэвхийг илүү сайжруулахад анхаарна хэмээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Та бүлгийнхээ гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллана гэлээ. Гишүдийн хууль бус үйлдлийг хаацайлаад байх уу?
-УИХ, Засгийн газар нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж байгаа. Би дутагдал гаргасан, хууль бус зүйлд холбогдсон гишүүдээ хамгаална гэж хэлээгүй.
-Засгийн газрыг огцруулах танай бүлгийн гишүүд гарын үсэг цуглуулж байгаа. Энэ асуудал дээр та ямар байр сууртай байгаа вэ?
-Өнөөдөр цаг үе амаргүй байна. Гэхдээ Засгийн газраа огцруулах нь цагаа олсон алхам гэж бодохгүй байна. Манай гишүүд гарын үсэг цуглуулж байгаа гэсэн яриа бий. Гэхдээ одоо албан ёсоор гарсан мэдээлэл алга. Ойрын үед энэ асуудлаар бүлгийнхээ гишүүдтэй уулзаж ярилцахаар төлөвлөж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ