Ж.Мөнхбат:УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг нар гарын үсэг зурна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөхийн биед халдсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
-Би Засгийн газрыг огцруулж УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан миний зөвлөхийн биед халдсан байх болзошгүй. Би энэ асуудлаар цагдаа, тагнуул, хуулийн байгууллагад шалгаж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн.
Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, УИХ-ыг тараах санал гаргаж, гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Энэ саналыг дэмжиж, гарын үсгээ зурна гэж зарим гишүүд илэрхийлсэн. Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцох чадамжгүй гэдгээ харуулсан. Тийм учраас би Засгийн газрыг огцрох ёстой гэж үзэж байгаа гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Танай нам асуудлаа дотроо шийдэж болохгүй юу?
-Манай намын хагарал жил гаруйн өмнөөс эхэлсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах эсэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 33:32-оороо хуваагдсан юм. Албан тушаалыг өгч ч болдог, авч ч болдог. Улс орны эрх ашиг, хүний амь нас нэгдүгээрт шүү.
-УИХ-ыг тараах бичиг хэн хэн гарын үсэг зурна гэсэн бэ?
-Би хариуцлага алдсан үйл ажиллагаандаа хариуцлага тооцох чадахгүй бол энэ Засгийн газар огцрох хэрэгтэй. Томилсон сайд, Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ огцрох хэрэгтэй. Энэ бол хэдэн улстөрчдийн эрх ашгаар шийддэг зүйл биш. Би УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурах зуруулах ажлаа өнөөдрөөс эхлүүлнэ. Ж.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг гишүүн миний өрөөнд орж ирж, УИХ-ыг тараах бичиг гарын үсэг зурна гэдгээ мэдэгдсэн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ