ШУУД: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг өргөн барилаа

Засгийн газрыг огцруулах бичигт Д.Хаянхярваа нарын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зуржээ. Тиймээс гарын үсэг зурсан нэр бүхий гишүүд Засгийн газрын огцруулах бичгээ УИХ-ын даргад өргөн барьсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Би Монголын ард түмнээс уучлал гуйж байна. МАН-ын даргын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар ярьж байгаа хүлцэл өчиж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ноцтой зөрчигдөх болсон энэ үед бидэнд Монголын эрх ашиг гэж байхаас намын эрх ашиг гэж байх ёсгүй гэж үзэж байна. . Тийм учраас Монголын ард түмэн, МАН-ын гишүүд дэмжигчдээсээ хүлцэл өчиж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж өгнө үү гэж нэр бүхий 27 гишүүн УИХ-д өргөн мэдүүллээ. Ингэхдээ холбогдох хуулийн заалтын дагуу дараах үндэслэлээр огцруулах саналыг өргөн барилаа. Үүнд:
1.ЖДҮХС-гийн хөрөнгөнд албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа. Өнөөдөр ЖДҮХС-гийн зээлийг Засгийн газрын гишүүнээсээ эхлээд эрх мэдэл бүхий хүмүүст тодорхой сүлжээгээр тарааж өгсөн гэх үндэслэл байна. Олон арван мянган үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчийг үл ойшоон өөрийн хамаатан, садан, хамаарал бүхий компаниудад тараасан. Тийм учраас бид У.Хүрэлсүх сайдад удаа дараа шаардлага тавьсан. Өөрийн танхимын сайд нар, холбогдох төрийн албан тушаалтан, намын албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлага тавиад хугацаа нь өнөөдөр дуусгавар болж байгаа юм.
2. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн. Ерөнхий сайд УИХ-ын индэр, намын бүлэг, хурал, зөвлөгөөн дээр Үндсэн хуулийн хүрээнд ажиллах нь бүү хэл Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй болсон тухайгаа өөрөө зарлан мэдэгдэж, энд тэнд янз бүрийн уулзалт зохион байгуулах, цуглаан жагсаалд иргэдийг уруу татах зүйлүүдийг хийж байгаа нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн. Энэ нь ҮАБЗ-ийн гишүүн Үндсэн хуулийн зөрчил гаргах ноцтой үндэслэл болсон.
3.Гадаадын иргэнд лиценз дамлан үнээр зарсан, төрсөн дүүдээ төсвийн хөрөнгийг шилжүүлсэн гэх сайд нар ЖДҮХС-гаас зээл олгосон сайд нартаа хариуцлага тооц гэдгийг нийгмийн зүгээс ч, бидний зүгээс ч шаардсан. Харамсалтай нь ёсзүйн хариуцлага тооцох чадамгүй сул дорой байгаа нь энэ танхимын сайд нарын өмнө арга хэмжээ авах чадваргүй барьцаалагдсан гэж үзэж байгаа.
4. Ерөнхийлөгчийн зүгээс аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг судлаж, төсөвт тусгаач гэсэн. Энэ саналыг тусгаагүй. 2019 оны Монгол Улсын төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Хэрвээ энэ хоригийг хүлээж авсан бол ирэх жилийг төсөвгүй угтаж, тэтгэвэр, халамжийг өгөх боломжгүй байсан. Гэтэл Ерөнхийлөгч хориг өргөн барьсаны дараагаар хүлээж авна гэсэн нь "өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө" гэгч болсон учир Засгийн газар 2019 оны төсөвт анхаарал хандуулаагүйн тод жишээ гэж үзэж байна.
5.УИХ мөнгө угаах, оффшор бүсээс Монголд мөнгө оруулах талаар олон зүйл ярьсан. Энэ асуудалд Засгийн газар арга хэмжээ авч ажиллаагүй. Шударга ёсыг тогтооно гэж гарч ирсэн Ерөнхий сайд энэ асуудлаар арга хэмжээ аваагүй.
6.Төрийн албан хаагч ажлын байранд дээрээ алагдсан. Төрийн албан хаагчаа ажлын байран дээр нь хамгаалж чадаагүй. Тиймээс ард иргэдийг хамгаалж чадах уу гэдэг ноцтой асуудал. Гадаадын тусгай албадынхан Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлах ажиллагаа явуулахыг завдсан. Үүнийгээ Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон гэж байгаа ч энэ талаар Засгийн газар ямар нэг хариу өгөөгүй.
Ийм үндэслэлүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулж өгөх бичиг өргөн барилаа хэмээлээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-УИХ-ыг өөрийг нь тараах санал гаргаж байна. Энэ талаар?
-Бид энэ бүхнийг тооцож үзсэн. УИХ-ын гишүүд өөрсдөө ард түмний өмнө хүлээсэн үүрэгтэй. Дараагийн Засгийн газрыг байгуулахгүй байх уу, УИХ-ыг тараах уу үгүй юу гэдэг нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэнд байдаг асуудал. Тиймээс ийм асуудал үүсэхгүй байх гэж итгэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ