Ирэх пүрэв гарагт хичээгээрэй, жолоочид оо

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад зам тээврийн ослын улмаас жилд 6187 хүн эрүүл мэндээрээ хохирч, 501 хүн нас барж байна. Хоногт дунджаар 15-20 хүн эрүүл мэндээрээ хохирч 1-2 хүн хорвоог орхиж байна. Иймд Тээврийн цагдаагийн газраас 2018.11.29-ны өдрийг "Хичээх өдөр" болгон зарлажээ. Энэ өдөр хүн бүр замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байж, зам тээврийн ослын тоог бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. 

 

Дэлхий дээр хүнийг үхэлд хүргэж буй 20 шалтгааны наймдугаарт зам тээврийн осол ордог. Дэлхий дахинд жилд 1.3 сая орчим хүн зам тээврийн  осол гэмтлээс болж амь насаа алддаг байна. Харин манай улсын хувьд, зөвхөн нийслэлийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 20 /бодит/ хүн амь насаа алдаж, гэмт хэргийн улмаас 119 хүн, зам тээврийн ослын улмаас 678 хүн гэмтэл бэртэл авчээ.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааны 98.5 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан ба хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэнээс шалтгааалсан осол дийлэнх хувийг эзэлж байна.  Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар, эсрэг урсгалд орсон 3.7 хувиар өсчээ.

 

Улсын хэмжээнд 559,000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байна. Тэгвэл ирэх пүрэв гарагт 559 мянган жолооч бүр нэг удаа хичээгээд үзье. Дүрэм зөрчихгүй, улаан гэрлээр дайрахгүй, гэрлэн дохио солигдонгуут дуут дохиогоо гудамжаар нэг хангинуулж бусдад төвөг удахгүй байя. Бас явган зорчигчид зам тавьж өгье, туслах замаас нэвтэрч буй тээврийн хэрэгслийг өмнүүрээ оруулья.  Хариуд нь тэр ч бас гэрлээ анивчуулж талархал илэрхийлье. Ингэж бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандая. Түгжирлээ, "орк" зан гаргалаа л гэдэг. Магадгүй бусдын төлөө зориулсан ганцхан минутын хүлээлтийн хариуд өөр нэг уулзвар дээр хүний амь аврагдаж байж ч болно гэдгийг ухамсарлаж "Хичээх өдөр"-өөр хэдүүлээ хэрэлдэхгүй байя.

 

Цаашдаа ч уухгүй, уусан үедээ жолоо барихгүй, хүлээцтэй, харицлагатайгаар жолооч барья. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jolooch:
Bin dabei!
2018-11-27