Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байхыг шаардлаа

Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан нэр бүхий 27 гишүүн мэдээлэл хийлээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед ЖДҮХС-гаас зээл авсан, ашиг сонирхлын зөрчилтэй нэр бүхий гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх шаардлагыг УИХ-ын дарга, Аюулгүй байдлын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны дарга нарт хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Мөн холбогдох байнгын хороод хуулийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулж, нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан эсэхийг мэдээлэх хэрэгтэй хэмээн тэд мэдээлэв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Д.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үед сайд нар санал хураалтад оролцож байсан уу?
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Д.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед сайд нар нь ашиг сонирхлын зөрчил үүсээгүй байсан. Тийм учраас хуралдаанд оролцож, санал өгсөн.
-ЖДҮХС-гаас зээл авсныг хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байхад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа нь зөв үү?
-Тиймээс бид хууль хяналтын байгууллагад хандаж, мэдээлэл авахыг шаардаж байгаа. Ерөнхий сайд үйл ажиллагаагаа явуулахад мэдэл дутаж байна гэж мэдэгдэж байна лээ. "Эрдэнэт", эрчим хүчний доголдол зэрэг нь Засгийн газартай шууд холбоотой. Засгийн газрыг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд УИХ тээг саад болоогүй. Бүх асуудлыг хуулийн хугацаанд нь шийдэж өгч байсан. Засгийн газар ажлаа л хийх ёстой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ