АТГ: Бид УИХ-ын даргын заавар, тушаалаар ажиллаагүй

Авлигатай тэмцэх газраас шуурхай хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.11.29/ мэдээлэл хийж хууль хяналтын байгууллагынхан УИХ-ын дарга М.Энхболдыг хамгаалж байна гэх утгатай мэдээллийг хийсэн.
Энэ талаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням "Манай байгуулллагаас ЖДҮДС-аас УИХ-ын гишүүд болон түүний хамараал бүхий хүмүүс зээл авсан асуудалд хяналт шалгалт хийж байгаа. Гэтэл манай байгууллагын үйл ажиллагааг улстөрийн үйл ажиллагаандаа татан оролцуулж буй үйлдлээ даруй зогсоо гэдэг шаардлагыг хүргүүлж байна. Хуулийн байгууллага үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хуульд заасны дагуу явуулж байгаа. Тиймээс улстөрийн үйл ажиллагаандаа төрийн байгууллагыг татан оролцуулдаг үйлдлээ зогсоохыг хүсч байна" гэв.
Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-ЖДҮХС-ийн зээлтэй холбоотойгоор хэдэн УИХ-ын гишүүнийг шалгаж байгаа вэ?
-АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс энэхүү үйл явдалтай холбоотойгоор хэрэг нээн шалгаж байгаа. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригт энэ сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг нээсэн. Өөрөөр улстөрчдйин нөлөөгөөр хэн нэгнийг цагдан хорьсон, шалгасан зүйл байхгүй. ЖДҮДС-аас зээл авсан асуудлыг шалгаж байгаа. УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэтэй хамаарал бүхий этгээдүүд ЖДҮДС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа. Нөлөө бүхий этгээдийн нөлөөгөөр зээл авсан хууль бус үйл ажиллагаанд хуулийн дагуу шалгалт явуулсан. Харин ар гэрийннхийг нь цагдан хорьж байцаасан, албадан хорьсон асуудал байхгүй.
-ЖДҮХС-ийн Төгсбилэг нарын зургаан хүнийг хорьсон нь үнэн үү?
-Энэ талаар прокурорын байгууллагаас нээлттэй мэдээлэл хийсэн. Улстөрийн албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийг хориогүй. Тухайн үед энэ төслийг олгох эрх мэдэлтэй байсан хэрэгжүүлэх эрхтэй байсан албан тушаалтнууд, тухайн нэгжид ажиллаж байсан ажилтнуудтай холбоотой хүмүүс шалгагдаж байгаа.
-Засгийн газрыг огцруулах нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед АТГ-ыг нөлөөнд ажиллаж байгаа гэсэн хардлага сэрдлэгэ байна. Засгийн газрыг огцруулах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш ийм үйл ажиллагаа явуулсан юм уу? Хичнээн гишүүнийг хэдэн удаа шалгасан бэ?
-Ямар нэгэн улстөрийн намын, УИХ-ын даргын зүгээс өгсөн заавар, чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл байхгүй. УИХ-ын гишүүдийг хоморголон байцаасан зүйл байхгүй. АТГ-ын үйл ажиллагааг улстөрийн үйл ажиллагаанд хольж, хутгахаа болиоч ээ гэж хүсэх байна.
-Олон нийтийн зүгээс "60 тэрбум"-ын хэрэг яасан бэ гэдэг асуултад хариулт хайж байна. Энэ асуудал ямар шатанд явж байна вэ?
-Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Нийслэлийн прокурорын зүгээс илүү тодорхой мэдээлэл өгсөн учраас манайхаас мэдээлэл өгөх боломжгүй.
-ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой яг хэдэн хүн шалгагдаж байгаа вэ? Улстөрийн нөлөө бүхий этгээдүүд гэдгийг тайлбарлахгүй юу?
-Улстөрд нөлөө бүхий этгээдийг хуулиар тайлбарласан байгаа. Өөрсдөө гарын үсэг зурдаггүй хэр нь бусдыг удирддаг этгээдүүдийг нөлөө бүхий этгээдүүд гэж нэрлээд байгаа юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ