20:15 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг бүтэн өдөржин, цаг сунган хуралдаж хэлэлцлээ. Энэ өдөр УИХ-ын чуулганы хуралдаан 73 гишүүний буюу гишүүдийн 94 хувийн ирцтэй байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн. Ингээд байнгын хорооноос гаргасан дүгнэлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 45.3 хувийн санал нь огцруулах саналыг дэмжиж, олонх нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй.
Ингэснээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар болж байна. Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
У.Хүрэлсүх: Нам дамжсан бүлэглэл намайг худалдаж авна гэвэл худлаа
19:50 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт тавьж, үг хэлж дууслаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Надад цаг хугацаа хэрэгтэй байна. Би шударга ёсыг тогтоох, улсын эдийн засгийг тогтоохын төлөө ажиллаж байна. Хууль бусын пирамедийг эвдэхийн төлөө бүхнийг хийнэ. Байр суурин дээр хатуу байна. Парламентад сууж байгаа нэлээдгүй гишүүдтэй хариуцлага тооцно. Би МАН-ын даргын хувьд М.Энхболд дарга өргөдлөө өг. Та УИХ-ын дарга хийх ёс суртахуунгүй хүн. Би шударга бус асуудлын төлөө ясаа цайтал тэмцэнэ. Намайг худалдаж авна гэвэл худлаа. Айлгана гэвэл бүүр худлаа гэлээ.
Ерөнхий сайдын халаасанд огцрох өргөдөл нь бэлэн байгаа гэдэгт итгэхийг хүсч байна
18:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-ЖДҮХС-гаас бөөнөөрөө эрх мэдлээ ашиглаж авсан нь үнэн. Төрийн албыг завхруулсан нь үнэн. Төр бизнест дэндүү хутгалдаж ороод чөлөөт зах зээлийг боомилж байгаа нь үнэн. Шударга ёс, хариуцлага гэдэг чинь дэндүү жуль сонсогдоод байна. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн халаасанд огцрох өргөдөл нь бэлэн байгаа гэдэгт итгэхийг хүсч байна. Би УИХ-ын дарга М.Энхболдын халаасанд огцрохыг хүсч байгаа өргөдөл нь бэлэн байгаа гэдэгт итгэхийг хүсч байна. УИХ-ыг тараах асуудлыг хэлэлцвэл би хамгийн түрүүн дэмжинэ. Ард түмнийхээ нурууг амраагаад өг.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Эв нэгдэл чухал байна. "Ганцаараа явбал түргэн явна. Олуулаа явбал хол явна". Бүгдээрээ эв нэгдэлтэй байя. Ойлголцоод явмаар байна. Би өмнөх Засгийн газар дээр ч Засаг нь тогтвортой байж хариуцлагаа тооцоод явах хэрэгтэй гэж хэлсэн. Одоо ч тийм байр суурьтай байна. Унь нь хугарсан бол шинэчлээд, хариуцлагын механизмаа чангатгаад явъя.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Би энэ УИХ-аас айж байсан. Яагаад гэвэл намын удирдлагууд 65 суудлаар үнэмлэхүй болох суудал аваад ирлээ гэж байсан. Ард түмэн итгэж, мөрийн хөтөлбөр дэмжсэн учраас сонголоо гэж ер яриагүй. Өнгөрсөн хугацаанд олон Засгийн газар огцорсон. Ингэхэд МАН 100 хувь санал өгч нөгөө талын Засгийн газраа огцруулдаг байсан. Өнөөдөр энэ нам ямар ч байсан дотроо хоёр хэсэг болжээ. Аль нь зөв бэ гэдэг шударга ёсны тэмцэл явж байна. Үүнийг хараад би баярлаж байгаа юм.
“Хүрээнийхний бузар гэж далай, далай” гэдэгт та ч бас багтана
17:10 цаг:
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байгаа юм. Нийтдээ 53 гишүүн үг хэлэх кноп дарлаа. УИХ-ын дэгээр нэг гишүүн таван минут хүртэл үг хэлэх заалттай. Ямартай ч чуулганы хуралдаан гурван цаг гаруй үргэлжлэхээр байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Бид үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийнхээ нэр хүндийг сэргээх талаар Ерөнхий сайдыг томилогдоход хэлж байсан. Гэтэл өнөөдөр олгархиуд, луйварчин гэж яригдаад байгаа хүмүүс ямар том ноу-хауг оруулж ирээд байна вэ. Монголчуудын мэддэггүй юуг хийгээд байна вэ. Энэ үндэсний үйлдвэрлэгч рүүгээ дайрч давшлаад байгаа чинь хууль зөрчиж байна. Шинэ цаг үетэй нь холбож харж чадахгүй байгаад харамсаж байна.
Манай Ерөнхийлөгч 30 гэр бүл гэж ярьж эхэлсэн. Одоо Ерөнхий сайд ярьж байна. Битүү, хатуу зүйлээр ард түмнээ битгий талцуул. Шударга ёс ярих гэж байгаа бол бүх зүйлээ тов тодорхой ярь. Түүнээс биш манан дотор байж болохгүй. Кинон дээр гардаг шиг “Хүрээнийхний бузар гэж далай, далай” гэж ярьдагт та ч бас багтана. Шударга ёс тогтоох гэж байгаа бол гарц шийдлээ ярих ёстой.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-Бид асуудлаа шийдэхийн тулд урагшаа явах хэрэгтэй. Шинээр сонгогдсон 40 гишүүнийг нийгэмд муухай харагдуулах гэж байна. Бүгдээрээ хэлэлцээд урагшаа явах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Шударга байя гэсэн юм бол шударга л байя. Битгий худлаа ярь. Асуудлыг буруу тийш нь явуулахаад байх шаардлага алга. Засгийн газарт ЖДҮ-чид байна. Ард түмэн хариуцлага хүлээгээд байгаа. Намынхаа дүрэмдээ өөрчлөлт оруулъя. Мөнгө, төгрөг дээр санал авдаггүй больё. Ард түмэн дээр очихоор ажлын байртай болгоно гэж ярьчихаад энд орж ирээд өөр зүйл ярьдагаа больё.
Шударга ёсыг тогтоохын төлөө дарангуйлал гаргах нь юу ч биш
16:10 цагт:
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүнд асуулт тавьж, хариулт авч, байр сууриа хэллээ. Дараагаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Шударга ёсыг тогтоохын төлөө дарангуйлал гаргах нь юу ч биш. Намайг цэргийн хүн байсан болохоор дарангуйлал тогтоочихно гэж хараад байх шиг байна. Би парламентын засаглалыг дэмждэг. УИХ-ын, Сонгуулийн хуулиа бид харах ёстой. Бид шударга ёсны төлөө цаашдаа ч хатуу тэмцэнэ гэлээ.
"Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүнд жингийн коммунист болсон юм биш биз"
15:15 цаг:
УИХ-ын үдээс хойшх чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Өнөөдөр бид тамын тогтооны үлгэр шиг бол болж байна. Өнөөдөр бололцоотой байгаа компаниудад бид бодлогын түвшинд шаардлага тавих ёстой. Өнөөдөр бидний цалинг бүрдүүлж татварын орлогыг бүрдүүлж байгаа томоохон компаниудаа татан буулгана, хураана гэж байна. Өнөөдөр бидний хамгийн том бухимдал ЖДҮ байгаа. ЖДҮ эрхлэгчдэд өгөх ёстой байсан сангийн зээлийг өөрсдөө хуссандаа асуудал байна.
Намаараа талцдаг, нутагархагдаг зүйл өнөөдөр ил болж байна. Ард түмэн хууль бус зүйл хийж байгаад бухимдаж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Бизнес бүлэглэлд үйлчилж, төрийн бодлого шийдвэрийг явцуу эрх ашигт үйлчилдэг байсан өмнөх Засгийн газарт хариуцлага тооцсон. Тухайн Засгийн газарт ажил хэрэгч маш олон санал тавьж байсан. Харин эсрэгээрээ дуу хоолойг боомилж байлаа. Өнөөдөр өөрчлөлт шинэчлэлт үргэлжилж байна. Тийм учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үргэлжлүүлж, тойрон хүрээлж, дэмжих ёстой.
УИХ-ын гишүүн Б.Ундраа:
-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгахад бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ёстой гэж УИХ-ын эмэгтэй гишүүд бид мэдээлэл хийснийхээ төлөө танаас зэмлэл сонссон. Харин Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, чөлөөлсөн. Одоо гэтэл дахиад хүчингийн асуудалд холбогдсон байна. Та өнөөдөр үүнд ямар байр суурьтай байна вэ? Өнөөдөр та УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа хүний хувийн өмч рүү дайрлаа. Энэ таны хандлага зөв үү?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Д.Гантулга гишүүнийг буруутай эсэхийг шүүх шийдэх байх. Би тэр үед Д.Гантулгад "Миний дүү алдаа гаргасан байна. Ёсзүйн хариуцлага хүлээх ёстой. Өргөдлөө өг" гэсэн. Тэгээд өргөдлөө өгөөд явсан даа. Түүнээс биш эмэгтэйчүүдийн, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд би эр хүнийхээ хувьд ч дургүй. Би хоёр охинтой эцэг хүн. Би шударгаар бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжинэ, хайрлана. Энэ ажлаа ч би хийж байгаа. Улс төр бизнесийн пирамедийг унагаах гэж би тэмцэж байна. Өнөөдөр тэр хүмүүс Засгийн газрыг нураах гээд байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүнд жингийн коммунист болсон юм биш биз дээ. Бидэнд гаргаж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг үнэхээр ойлгохгүй байна. Одоо хөрөнгө хураах тал руу яригдаж байна. За, Энхбаяр гишүүн ээ, Варьете чинь ард түмний өмч, Элдэв-Очир "Спирт бал бурам"-аа өг гээд жагсаалт явах юм байна. Ингээд шинэ МАНАН үүсчихсэн юм уу гэсэн айдас төрлөө.
У.Хүрэлсүх: Та нар амаараа гартлаа хангалттай баяжсан, ард түмнээ бод
13:30 цаг:
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, асуулт тавьж, хариулт авав. Үдээс хойшхи хуралдаанаар дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэн.
Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.
"30 гэр бүлийн нэг нь нөхөр Н.Номтойбаяр, та шүү"
13:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ширүүхэн үргэлжилж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын хэлэлцэж, гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Ашиг сонирхлын зөрчил байна уу, танай Засгийн газрын танхимд?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-30 гэр бүлийн нэг нь нөхөр Н.Номтойбаяр та мөн шүү. Зөвхн МАК компани гэхэд 36 лиценз эзэмшдэг. Цагаан суварга бол танай гэр бүлийн өмч биш монголын ард түмний өмч. Хууль бус гэж би ойлгож байгаа. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй. Түүгээрээ та буруутай. Тийм учраас би хууль бусаар баяжсан хүмүүст хариуцлага тооцно.
Би Б.Батзоригийг сайд болсны дараа гурван удаа ЖДҮ-ээ боль гэсэн. Олон нийтэд ил тод болгоод реалите шоу хий, ЖДҮХС-гаас юу хийж байгааг үзүүл гэсэн. Салбарын сайд маань хариуцлага алдсан. Хариуцлагаа үүрсэн. УИХ-ын зарим гишүүд манай сайд нараас хууль бус зүйл битгий шаард, сайд нар хууль бус зүйл битгий хий. Авсан Цагаан суврагын ордоо ард түмэнд буцаагаад өг. Та нарын амь чинь тэмцээд гүйж байна. Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 хүн дотор Монголын өмчийг хулгайлсан хүн байгаа шүү. Танай МАК компани хандив өргөсөн юм билээ. Тэр бол та нарын асуудал.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Ерөнхий сайддаа баярлалаа, олон эргэлзээ тайллаа. Ашиг сонирхлын тухай хуулийг хангахгүй юм байна. Би ийм ч хариулт хүлээгээд байсан. Цагаан суварга ямар хууль зөрчсөнийг та хэл. Дөнгөж хоёр сарын өмнө та надтай хамт энэ уурхайн боссон үйлдвэрийн таазан дээр гараад юу гэж хэлж байлаа. Мессэж чинь надад байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Намынхаа эв нэгдэл, дотоод асуудлыг гудамжны хэрүүл болгож тавьж байна, У.Хүрэлсүх дарга. Би энэ хүнтэй олон жилийн ах дүүгийн харьцаатай. Энэ шаардлагыг тавиад УИХ хариуцлага тооцож чадахгүй бол тар гэсний төлөө хэдэн хүнийг намаас хөөсөн байна лээ. Энэ асуудал сөргөөр нөлөөлөх гээд ирэнгүүт хөөх тухай асуудал болоогүй гэж байгаа юм. Нам бол намын даргын хувийн компани биш.
Би 2012 онд У.Хүрэлсүхийн даалгавраар жагсаал хийж, зургийг нь шатаа гэсэн хүмүүсийн зургийг талбайд шатааж байсан. Би үүндээ харамсаж байна. Тэр хүмүүсээсээ уучлал гуйж байна. 2012 онд манай нам ялагдсан. Та зугатаагаад Австрали явсан. 2016 онд Австралиас ирээд Шадар сайд хийж байна.
Та нөхөн сонгуульд нэр дэвших үү? 2016 онд та УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй. Хэнтийд ямар нэг ажил хийхгүй гээд. Одоо нөхөн сонгуульд бас нэр дэвшихгүй гээд байгаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Би 1994 оноос намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сурагч байсан. Чи намайг Австралиас олж авчирсан юм биш, би чамайг Солонгосоос олж авчирсан шүү. Чиний талаар яривал зөндөө юм ярина. Чи дандаа буруу мэдээлэл хийдэг шүү. Миний дүүг зодчихлоо гээд байсан, яасан. Танай дүү ах дүү нартайгаа архи уугаад зодолдсон юм билээ.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
-Та хоёр одоо боль. Энэ бол намын биш УИХ-ын индэр. О.Содбилэг гишүүн үг хэл.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Чи дуугүй байж бай, би асуултад хариулж байна. Би сонгуулиас айгаад байдаг жижиг хүн биш. Зөндөө олон удаа сонгуульд оролцсон. Ах хүний хувьд би тэсээд тэвчээд байгаа шүү, чи баялаг түүхтэй хүн. Би намаас хөөдөг хүн биш. Хөөвөл тэр хяналтын ерөнхий хороо нь хариулна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
-Та УИХ-аас сонгогдсон Ерөнхий сайд. УИХ-д хүндэтгэлтэй хандах ёстой. Би УИХ-ыг даргалж байгаа хүний хувьд хэлье. Нам төрийн дээр гараагүй байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Нефтийн үйлдвэр бариулахгүй гэж хэн хэлээд байна вэ. Та асуулт тавихаар л ийм зүйл хэлэх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Та нарын юу хийж байгааг би мэднэ. Та нар амаараа гартлаа хангалттай баяжсан. Одоо ард түмнээ бод.
У.Хүрэлсүх: "ЖДҮ" гэдэг зүйл илэрсэн нь маш том аз завшаан
12:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Парламентаа тогтвортой ажиллуулж, зөвшилцлөөр асуудал шийдье. Тийм учраас өнөөдрийн хуралдаанд хэн нэг хүнийг шийтгэх асуудал байхгүй. Эрх ашгийн зөрчил гэж байхгүй.”гэж дэд даргын хувьд хэлье.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Өнөөдөр ЖДҮХС-гаас зээл авсан ЗТХ-ийн сайд Я.Содбаатартаа, шатахууны үнэ өсөөд байхад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартаа гээд хариуцлага тооцохгүй байна. Яагаад хариуцлага тооцоогүй вэ?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Ерөнхий сайд хариуцлага тооцохгүй биш тооцож байгаа. Хоёр сайд үүрэгт ажлаа өгсөн. Дээр нь улс төрийн хариуцлага тооцох асуудал байгаа. Улс төрийн, намын, төрийн албан хаагч нартай тооцох хариуцлагыг чангатгана. ЖДҮ гэдэг сайн зүйл гарч ирсэн. Энэ бол том аз завшаан. Үүнтэй холбоотой нөхөдтэй хариуцлага тооцож байгаа. Хууль хяналтын байгууллагаар буруутай нь тогтоогдвол ажлаа өгнө шүү гэж сануулсан байгаа. О.Баасанхүү гишүүн та миний кабинетад сайд хийсэн ч валют, шатахууны ханшийг зохицуулж чадахгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Парламентыг намууд биш бүлэглэл удирдаж байна. Нам, бүлэг шийдвэр гаргасан гэж худлаа ярихаа больё. АН-ын гишүүн бүлэглэлийн эсрэг зогсох ёстой. Ерөнхий сайдын их цэвэрлэгээ хийе гэдэг үг надад их таалагдаж байгаа юм. Таны эхлүүлсэн шударга ёсыг би дэмжинэ.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна
11:30 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаан 71 гишүүн буюу ирц 94.7 байна. Парламент өнөөдөр 75 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. УИХ-ын хуралдааныг дэд дарга Л.Энх-Амгалан даргалж, УИХ-ын дарга М.Энхболд хуралдааны танхимд сууж байна.
Ингээд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн байнгын хорооны дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
ҮАБЗ-ийн гурвыг төрийг тайван байлга гэснээс төрийг бусниул гэж томилоогүй
11:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 94.7 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. Гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайдыгогцруулах бичигт гарын үсэг зурсан хүн хурал даргалах нь ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тиймээс дэд сайд Я.Санжмятаваар даргалуулъя гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ хэзээ ч битгий мартаарай гэж хэлсэн. Харамсалтай нь эс тоолоо. Харамсалтай санагдаж байна. Өнөөдөр энэ МАН-ын асуудал биш. Монголын төр ямар байдалд хүрснийг, бизнес сүлжээ Монголын төрийг ялзруулсаны гор гарч байна. Ашиг сонирхлын зөрчил гэдгийг дэндүү өргөнөөр нь харуулж байна. Энэ УИХ дотор ашиг сонирхлын зөрчилгүй хүн байгаа юм уу.
Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайдыг огцруулах асуудал ярьж байна. У.Хүрэлсүх гэдэг хүн УИХ-ын гишүүн биш. Үүний дараагаар ҮАБЗ-ийн гурван гишүүн уулз. Та нарыг төрийг тайван байлга гэснээс төрийг бусниул гэж томилоогүй.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл нь ЖДҮХС-гаас зохион байгуулалттай зээл олгосон. Тиймээс зээл авсан гишүүд энэ асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцвол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тиймээс хуралдааны танхимаас гаргая.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:
Бид энэ хуралдааныг хуульзүйн талаас нь харж, хууль зөрчихгүй байх ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд энэ хуралдаанд оролцохгүй байх зүйтэй. Өөрсдөө мэдэж байгаа. Энэ асуудлыг хуралдаан дээр шийдвэрлэх нь зүйтэй. АН-ын улс төрийн зөвлөлийн шийдвэр гаргасан. АН өнөөдөр Монгол Улсын Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг зохицуулаад явах нь зүйтэй юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Бүх ард түмний нүдэн дээр бодит байдлыг ил хэлж байж шийдвэр гаргасан. Сүүлийн хэдэн сар нийгмийг бужигнуулсан үйл явцаас хэн нь хэн бэ гэдгийг таньж авсан байх. Зарим нь шүүхийн өмнөөс шийдвэр гаргах гээд байна. Хуулийн байгууллага шалгаж байна. Хуулийн байгууллагад улс төрийн нөлөөлөө битгий татан оролцуулаач ээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-АН-аас Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байгаа. Эрх баригч намын бүх Засгийн газрыг АН огцруулах байр суурьтай байна. Танай байгуулсан аль ч Засгийн газар оршин тогтох эрхгүй. Яагаад гэвэл амлалт, мөрийн хөтөлбөрөөсөө буцсан.
Ёсзүйн дэд хорооны хуралдааныг цуцалж, чуулганы хуралдаан эхэллээ
10:30 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг өргөн бариад байгаа. Хуулийн дагуу өнөөдөр УИХ дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Өчигдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч Ёсзүйн дэд хороо хуралдуулах саналыг гишүүн С.Бямбацогт гаргасан. Учир нь ЖДҮСХ-гаас зээл авсан гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд санал хураалтад оролцох ёсгүйн үндэслэлгүй гэж зарим гишүүд үзэж, Ёсзүйн дэд хороонд шаардлага хүргүүлээд байгаа юм. Гэвч Ёсзүйн дэд хорооны ирц хүрээгүй учир өдөржин хүлээлтийн байдалтай өнжсөн гэхэд болно.
Үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга М.Энхболдыг гишүүдээс санал авахгүйгээр Ёсзүйн дэд хороог хуралдуулахаар чуулганыг завсарлууллаа гэж зарим гишүүд үзэж, мэдэгдэл хийж байлаа. Тэр байтугай гишүүн Ж.Батзандан “УИХ-ын даргыг эрэн сурвалжилж байна” хэмээсэн сүржин мэдээллийн хариуд УИХ-ын Тамгын газрын зүгээс “УИХ-ын дарга албан өрөөндөө байгаа. Ёсзүйн дэд хорооны хуралдаанд картаа хийгээд ирц бүрдэхийг хүлээж байгаа. УИХ-ын чуулганы үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн юм.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргуулахаар ҮХЦ-д хандаад байна. Улс төр ийнхүү ширүүхэн үргэлжилж, эрх баригч хүчний хагарал, төрийн ажлыг гацаасаар байна.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүнээс гадна сөрөг хүчин АН, МАХН дэмжиж байгаа. АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих шийдвэр гаргаж, УИХ дахь бүлэгтээ чиглэл хүргүүлсэн. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүнээс Ж.Батзандан эсрэг байр суурьтай байгаа. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн хамт УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавиад байгаа. Дээрх шаардлага хүргүүлсэн нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол УИХ-ын дарга М.Энхболд хариу албан бичигтээ "Би хууль зөрчөөгүй, УИХ-ын хуулийн дагуу гишүүд хуралдаандаа оролцохыг уриалж байна" гэдгээ мэдэгдсэн.
Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүргийг УИХ дахь МАН-ын бүлэгтээ өгсөн. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгйин 37 гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл хийгээд байгаа юм. Парламентад өрнөж байгаа үйл явцаас Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй саналыг гишүүдийн дийлэнх нь кнопдохоор байгаа. Гэсэн хэдий ч асуудлыг хэлэлцэх үед чуулганы хуралдаанд хэдэн гишүүн оролцохоос хамаарна. Одоогийн байдлаар гишүүн Б.Батзориг, Г.Мөнхцэцэг нарыг гадаад томилолтоор явсан гэсэн сураг сонсогдож байгаа. Б.Батзоригийг сайдаас нь огцруулсан ч бүрэн эрхийг нь хэвээр үлдээсэн. Тиймээс тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах асуудалд аль ч талын байр суурийг илэрхийлэхгүйгээр шийдсэн байх талтай. Харин гишүүн Г.Мөнхцэцэг Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан 27-гийн нэг. Түүний байр сууринаасаа ухарсан, бултсан байх талтай гэж үзэж байна.
Эдүгээ Ёсзүйн дэд хорооны хуралдааны дараагаар УИХ-ын чуулган хуралдахаар байсан ч мөн л Ёсзүйн дэд хорооны ирц хүрээгүй. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааныг хуралдуулахаар болжээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалаж байна.
Н.Энх