Хүйтэрсэнтэй холбогдуулан дулааны температурыг нэмжээ

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан эрчим хүч, дулааны байгууллагууд ачааллаа нэмсэн байна. Төвийн бүсийн хувьд 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн оргил ачаалал 1059 МВт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн их ачааллын утгаас 54МВт-аар өссөн үзүүлэлтэй байна. Хоногт дунджаар 1 сая кВт цаг орчмоор нэмэгджээ.
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүлжээний усны халуун, сүлжээний усны даралтын горим, сүлжээний усны зарцуулалтыг өвлийн их ачааллын батлагдсан горимын дагуу барьж байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн систем нь өвлийн горим ажиллагааны схемд бүрэн шилжин ажиллаж байгаа бөгөөд 14 магистраль шугамаар дамжуулан 4 эх үүсвэрээс, даралт өргөх 5 насос станцаар дамжуулан хэрэглэгчдэд дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.
Энэ сарын 3-ний өдрийн байдлаар гадна агаарын температур Улаанбаатар хотод шөнөдөө -24С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 116/59С, Дархан хотод -22С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 100/57С, Эрдэнэт хотод -24С хүртэл хүйтэрч сүлжээний усыг 120/600С тус тус эх үүсвэрт халаах горимыг төлөвлөжээ.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч -30С-32С хүртэл хүйтрэхтэй холбогдуулан сүлжээний усны халууныг батлагдсан температурын графикийн дагуу өгч хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллахаар бэлтгэл хангасныг Диспитчерийн Үндэсний төвийн захирал гүйцэтгэх захирал Г.Балжинням мэдээлжээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ