Бичил уурхайчдын “БҮТЭН” ирээдүй

Цаг сайхан болжээ. Нэгэн цагт “нинжа” хэмээн нэрлэгдэж, нийгэмд шоовдорлогдож явсан гар аргаар алт олборлогч иргэд нэгдэн, нөхөрлөл байгуулж “бичил уурхайчид” нэрийн дор шударгаар хөдөлмөр эрхэлдэг болсон байна. Мэдлэг боловсролгүй, мал нь зуданд барагдсан малчид л хөөрхий амьдрахын эрхэнд алт угааж, амьжиргаагаа залгуулдаг гэх ойлголтыг ч халахаар, техникийн мэдлэгтэй, тэмүүлэл дүүрэн бичил уурхайчдыг бэлтгэж эхэлжээ.
“Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумынх. Багаасаа гэрийнхээ цахилгааны утсанд гарсан багахан гэмтлийг янзлачихдаг, цахилгааны утасны нарийн холбооснуудын учир, зангилаа бүрийг олохыг хүсдэг байсан. Тиймээс сонирхолоо мөрөөдөл болгож, ирээдүйд нутагтаа хэрэгтэй мэргэшсэн цахилгаан ч болохыг хүссэн” хэмээн ярих хэвлүүхэн бор охин Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн үйлдвэрийн цахилгааны 1б ангийн оюутан. Өдгөө 18 настай.
Швейцарын хөгжлийн агентлагаас “нинжа” нар эд хүчээ авч хөөгдөж туугдаж явсан цаг үед буюу одоогоос 13 жилийн өмнө манай улсад “Тогтвортой бичил уурхай” төслийг эхлүүлсэн. Энэхүү төслийн үр дүнд “нинжа” биш албан бичигтэй, хамт олонтой, бичил уурхайчид олширч хариуцлагатайгаар алт олборлож, олборлосон алтаа ном журмын дагуу тушааж, ашигаа шударгаар хувааж авдаг болсон зэрэг олон ахиц дэвшил гарсан. Ирэх онд энэ төсөл дуусгавар болж үр дүнгээ эргээд харна. Түүнээс урьтаж бичил уурхайчдын боловсролтой, мэдлэгтэй, ур чадвартай, хаа ч гологдохгүй боловсон хүчнүүдийг бэлтгэх ажлыг эхлүүлжээ.
Дархан-Уул аймгийн эрчим хүчний политехник коллеж байгуулагдаад 79 жилийн нүүрийг үзэж буй. Энэ коллеж Швейцарын хөгжлийн агентлагтай “Тогтвортой бичил уурхай” төсөлд бичил уурхай эрхлэгчдэд зориулсан хөдөлмөр аюулгүй байдлын сургалт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, бичил уурхай эрхлэгчид болон тэдний үр хүүхдүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, мэргэжилтэй болгох гэсэн гурван чиглэлээр хамтран ажиллаж, сургалт явуулж байгаа аж. Одоогийн байдлаар баяжуулалтын оператор, уул уурхайн чиглэлээр 25 бичил уурхайчинг бэлтгэсэн байна. Бэлтгэсэн уурхайчдаас 5 уурхайчин Сэлэнгэ аймгийн “Болд төмөр Ерөө гол" ХХК-ийн уурхайд ажиллаж байгааг тус коллежийн сургалтын албаны менежер Д.Чадраабал бахархан ярьсан.
Үйлдвэрийн цахилгааны нэгдүгээр дамжааны оюутан Б.Эрдэнэчимэг “Би энэ жил энэхүү коллежид элссэн. Төгсөөд төрж өссөн газартаа очиж уурхайд ажиллана. Манай Хүдэр сум уурхай хөгжсөн газар. Тиймээс сайн сураад нутагтаа л хэрэгтэй хүн болмоор байна. Яагаад гэхээр манай нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад нутгаас минь биш огт өөр аймаг, сумаас мэргэжилтнүүд урилгаар ирж ажилладаг. Үүнд би эмзэглэдэг. Яагаад чадварлаг боловсон хүчин нутгаасаа төрж болохгүй гэж. Тиймээс ч би нутгаасаа төрсөн, нутгийнхаа компанид ажилладаг чадварлаг мэргэжилтэн болж нутагтаа л амьдармаар байна. Би сурч эхлээгүй байхдаа тоолуур гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. Одоо бол хараад л хүчдэлийн хэмжээг нь мэднэ. Багш нар тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах вэ гэдгийг зааж байгаа. Магадгүй бусад сургуульд онол их заадаг бол энд практик суурилсан сургалт явуулдаг учраас сонирхолтой, бүх зүйл цоо шинэ ертөнц шиг санагдаж байгаа. Мөн сургууль үнэ төлбөргүй. Тэгсэн хэр нь сарын 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог нь давуу тал гэж харж байгаа” хэмээсэн юм.
Б.Эрдэнэчимэг охины анги 22 хүүхэдтэй. Тэднээс дөрөв нь эмэгтэй. Эмэгтэй ч гэсэн нутагтаа үнэлэгдсэн цахилгаанчин болно хэмээн алс хэтийг төлөвлөн ярих нь сайхан. Тэдний ангийн Ө.Тэмүүлэн гэх 17 настай хөвгүүн “Би Шарын гол сумын бичил уурхайд зуны гурван сар ажилласан. Цаашдаа уурхайн чиглэлээр томоохон компанид ажиллахыг зорьж энэ сургуульд уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механикч мэргэжлээр суралцаж байна” гэв.
Энэ коллежид Зүүнхараа, Ерөө, Баруунхараа зэрэг сумын 250 гаруй хүүхэд суралцдаг байна. Төслийн хүрээнд зураг зүй автоматжуулалтын ангийг тохижуулж өгснөөр мэргэжлийн онол зураг төслийг өмнө нь гараар зурдаг байсан бол одоо зураг төслийн программ ашиглан компьютероор зурдаг болжээ. Нэг ээлжинд 15-20 хүүхэд дадлага хийх боломжтой гар болон автомат тоног төхөөрөмж бүхий кабинетийг ч тохижуулж өгсөн байна. Багш нар нь ч Герман Улсад мэргэжил дээшлүүлээд ирснээс харахад энэ коллежид үнэхээр л чадварлаг боловсон хүчнүүд бэлтгэгдэж байгаа бололтой юм.
"Нинжа" гэх нэр томьёонд олон хүн дургүй. Тиймээс ч гар аргаар алт олборлогчид, дараа нь хувиараа ашигт малтмал олборлогч ч /ХАМО/ гэж нэрлэсэн. Хэдий “нинжа” гэх эл нэршил ингэж хэд дахин өөрчлөгдсөн ч өнөө л ногоо түмпэнгээ үүрсэн алт хайгчид бахь байдгаараа л хөндий талаар хэрэн хэсч байсан. Харин Швейцарын хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлсэн “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд тэд “нинжа” биш “бичил уурхайчид” болж, тэдний боловсролтой, мэдлэг чадвартай “бүтэн” ирээдүйг ч Швейцарын ард түмний татварын мөнгөөр бэлтгэж байна.
Харь улсын ард түмэн ингэж халуун сэтгэлээр хандаж байхад харин манай төр "хөөрхийлөхөөс", хөөж туухаас өөр юу хийлээ?!
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ